“Эрүүл мэнд” хөтөлбөр баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/
Булган аймгийн ИТХ 2024 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх “Эрүүл мэнд” хөтөлбөр
баталлаа. Хүн амд үзүүлэх тусламж үйлчилгээ нэн ялангуяа эх хүүхэд,
эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг
сайжруулж, сэргийлж болох өвчлөл, түүнд хүргэж буй эрсдэлт хүчин зүйлсээс
урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх замаар дундаж наслалтыг уртасгах
зорилгыг уг хөтөлбөрт дэвшүүлжээ. Одоогийн байдлаар тус аймгийн хүн амын дундаж наслалт 73.6 байгаа нь улсын дундажтай харьцуулахад
2.9 жилээр илүү байна. Дундаж наслалт хүйсийн хувьд эмэгтэйчүүд 76.3,
эрэгтэйчүүд 69 байгаа аж.
“Эрүүл мэнд” хөтөлбөрт нөхөн
үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулж, тав хүртэлх насны хүүхдийн
эндэгдлийг 1000 амьд төрөлтөд 3.0 промилээр бууруулах, халдварт бус өвчний эрт
илрүүлгийн үзлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэн, хорт хавдрын эрт илрүүлгийн
оношилгоог 80 хувьд хүргэх зорилт тавиад байна. Иргэдийн эрүүл мэндийн
боловсролын түвшинг нэмэгдүүлэх арга хэмжээг цогцоор зохион байгуулан, эрүүл
мэндийг дэмжихэд бусад салбар, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг
өргөжүүлэхээр болжээ. Мөн шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчнөөс
урьдчилан сэргийлэх, эрт сэрэмжүүлэх, хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх,
эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг төрөлжсөн нарийн мэргэжлээр мэргэшүүлэн,
чадавхыг бэхжүүлэхээр төлөвлөсөн байна.
Шинэ
болон дахин сэргэж буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт сэрэмжүүлэх,
хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд халдварт өвчний тандалт, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах, халдварын голомтыг
цомхотгох хариу арга хэмжээний бэлэн байдлын
хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах юм байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг
жил бүрийн төсөвт тусган, үр дүнг тооцон ажиллахыг аймгийн Засаг даргад даалгажээ.