БУЛГАН: Дотуур байрны орчин нөхцөлийг үнэлэх сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-12-10 15:22:12

Булган 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Боловсролын яамны захиалгаар "Байгаль орчны мэдээлэл сургалтын төв" ТББ Булган аймгийн Боловсролын газартай хамтран “Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны орчин, үйлчилгээний стандартын хэрэгжилтийг үнэлэх өөрийн үнэлгээг зохион байгуулах” сэдэвт сургалтыг Хишиг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуульд арванхоёрдугаар сарын 8-9-ны өдрүүдэд зохион байгуулсан байна.


Хишиг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургууль нь олон улсын "Эко-сургууль цэцэрлэг" хөтөлбөрийн Ногоон туг өргөмжлөлтэй юм.

 

MNS 6781:2019 стандартын хүрээнд боловсруулсан дотуур байрны орчин, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор өөрийн үнэлгээний хэрэгслийг туршин сайжруулж, талуудын оролцоонд тулгуурлан хөгжлийн төлөвлөгөөний загвар, зөвлөмж боловсруулах ажлыг хэрэгжүүлсэн байна.

 

Сургалтад сургуулийн дотуур байрны суралцагч, багш, ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан, эмч, удирдах ажилтан, сумын тамгын газрын төлөөлөл, эцэг эх, асран хамгаалагчид оролцлоо.

 

Цаашид аймгийн Боловсролын газар, сум орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, сургуулийн удирдлага, багш нар болон сурагчдын зүгээс дотуур байрны орчны өөрийн үнэлгээний үр дүнгээс улбаалан 10 гаруй сая төгрөгийн мөнгөн болон мөнгөн бус хэлбэрийн хөрөнгө оруулалтыг босгож чадсан нь энэхүү сургалтын томоохон үр дүн гэж үзэж байгаа юм. 









相关新闻