Талибууд болон Панжшерийн эсэргүүцэгчдийн хооронд хийсэн хэлэлцээ амжилтгүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-09-01 18:17:34

ТЕХРАН. /AFP/. Афганистаны засгийн эрхийг булаан авсан “Талибан” хөдөлгөөн болон тус хөдөлгөөнийг эсэргүүцэгчдийн төлөөлөгчдийн хооронд хийсэн хэлэлцээ амжилтгүй болжээ.


Энэ тухай “TOLOnews” суваг “Талибан” хөдөлгөөний удирдлагын комиссын дарга Амир Хан Моттакигийн мэдэгдлээс эш татан мэдээлжээ. Эсэргүүцэгчдийн төлөөлөгчид дээрх мэдээлэлд хараахан тайлбар өгөөгүй байна.


Үндэсний эсэргүүцлийн фронт болон “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчдийн анхны шууд хэлэлцээ өнгөрсөн долоо хоногт Парван мужийн засаг захиргааны төв болох Чарикар хотод болсон юм.


Панжшер муж дахь эсэргүүцлийн фронтын удирдагчидтай хийж буй хэлэлцээнд ахиц гарсан гэж “Талибан”-ы төлөөлөгч Забиулла Мужахид урьд нь мэдэгдэж байв.


АНУ Афганистанаас цэргээ татах төлөвлөгөөгөө энэ хавар зарласны дараа “Талибан” хөдөлгөөн Афганистанд хяналтаа тогтоох томоохон хэмжээний ажиллагааг эхлүүлжээ. Наймдугаар сарын 15-нд “Талибан”-ы дайчид ямар ч тулаан хийлгүй нийслэл Кабул хотыг эзлэн авсан бол Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани эх орноосоо дүрвэн гарсан. “Талибан”-ы засаглалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүчнүүд Панжшер мужид эсэргүүцлийн фронт байгуулж, түүнийг алдарт хээрийн командлагч Ахмад Шах Масудын (1953-2001) хүү Ахмад Масуд удирдаж байгаа юм. Өөрийгөө төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр зарласан дэд ерөнхийлөгч асан Амрулла Салех түүнийг дэмжихийг уриалжээ.


相关新闻