Израилд өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЙЕРУСАЛИМ. /The
Guardian/. Израилд сүүлийн 24 цагийн
хугацаанд коронавирусний халдварын 11 мянга орчим тохиолдол шинээр илэрсэн нь тус улсад цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Улсын хэмжээнд өмнө нь нэгдүгээр сарын 18-нд хамгийн олон буюу 10118 тохиолдол бүртгэгдэж байсан юм. Мягмар гарагт 10947 хүнээс шинээр халдвар илэрснийг үл харгалзан Израил вакцинжуулалтын түвшнийг нэмэгдүүлэхийг зорьж буйтайгаа зэрэгцэн сургуулиудын сургалтыг бүрэн сэргээхээр төлөвлөж байна.
Ерөнхий сайд
Нафтали Беннетт нь өмнөх Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн тогтоож байсан хөл
хориог шүүмжлэгч нэгэн бөгөөд халдварын үзүүлэлтүүд нэмэгдэж буйг вакцинжуулалт
болон амны хаалт зүүх гэх мэт халдвар хамгааллын дэглэмийг баримталснаар
хяналтад авна гэж үзэж байгаа ажээ.
Түүний Засгийн
газар 12 болон түүнээс дээш насны бүх иргэнд “Pfizer/BioNTech”-ийн вакцины гурав дахь тунд хамрагдахыг
санал болгож байгаа юм. Өнөөдрийн байдлаар, Изрaилын 9.3 сая иргэний 60 орчим
хувь, насанд хүрсэн хүн амын 80 хувь нь вакцины хоёр тунд хамрагджээ.
Өнгөрсөн оны 12
дугаар сард Израил нь вакцинжуулалтын аяныг орон даяар эхлүүлсэн дэлхийн анхны орнуудын
нэг болсон юм. Тийнхүү өдөрт бүртгэгдэх халдварын үзүүлэлтүүд буурч, зургаадугаар
сар гэхэд цар тахлыг хяналтад авах ихэнх арга хэмжээнүүдийг цуцалсан юм.
Гэвч түүнээс хойш
битүү орчинд амны хаалт зүүх, олон нийтийн цуглаанд хязгаарлалт тогтоох, тодорхой
байгууламжууд руу нэвтрэхдээ вакцинжуулалтын гэрчилгээгээ үзүүлэхийг шаардах
гэх мэт хязгаарлалтын хэд хэдэн арга хэмжээг дахин тогтоогоод байна.
Н.Беннеттийн
хэлснээр, нэмэлт тунг тарих хөтөлбөр үр дүнгээ үзүүлж байгаа бөгөөд энэ нь
эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоон үзүүлэлтээс илэрхий харагдаж байгаа ажээ.