Сэлэнгэ аймаг сургууль, цэцэрлэгүүдийнхээ хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжид зориулж 158 сая төгрөгийг батлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-09-01 16:00:45

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Энэ хичээлийн жилд сургуулиудын үдийн цай хөтөлбөр, үдийн хоол хөтөлбөр болон өргөжиж байгаа. Иймээс Сэлэнгэ аймгийн зүгээс сургууль, цэцэрлэгүүдийнхээ хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг эхний ээлжинд бүрэн шийдэхээр аймгийн ИТХ-аар 158 сая төгрөгийг батлуулжээ. Ийнхүү гал тогооны дутагдалтай байдлыг бүрэн арилгаж үдийн цай хоол асуудалгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлж байна. Дараагийн ээлжинд техник хөдөлмөрийн кабинетуудыг сургууль бүрт байгуулж хүүхдийг амьдрах арга ухаанд сургах эхний дадлыг бий болгох аж. Аль болох цогц байдлаар асуудлыг шийдвэрлэх үндсэн зорилгыг агуулж байгаа хэмээн аймгийн Засаг дарга Ш.Оргил хэллээ. Ингээд түүний хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцсан бяцхан аяллаас хийсэн сурвалжлагаа хүргэе.

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил Сүхбаатар сумын зарим цэцэрлэг, сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцлаа.

Хамгийн түрүүнд Д.Баяржаргал эрхлэгчтэй Сүхбаатар сумын 4 дүгээр цэцэрлэгээр орсон юм. Тус цэцэрлэг хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болжээ. Цэцэрлэгийн орчин зай талбай бага хэдий ч тоглоомын талбайгаа ашиглан багахан хөлбөмбөгийн талбайг тохижуулсан байна. Тус цэцэрлэгийн тухайд ариутгал халдваргүйжүүлэлтийн хоёр сая төгрөгийн асуудалтай байгаагаа аймгийн даргад танилцуулав. Засаг даргын зүгээс энэ асуудлыг болон шинэ хөлбөмбөгийн талбайд тоглох бөмбөг авч өгч хүүхдүүдийн хөгжих орчинд дэм үзүүлэхээр боллоо. Мөн аймгийн Засаг даргын орсон хоёр дахь газар Сүхбаатар суманд шинээр нээгдэж байгаа 150 хүүхдийн цэцэрлэг. Өнгөрсөн хавар барилгын ажилтай аймгийн дарга биечлэн танилцаж холбогдох үүрэг даалгаврыг өгч байсан юм. Аймгийн даргаас Т.Намираа эрхлэгчтэй шинэ цэцэрлэгийн үйл ажиллагаанд 15 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, үүдний тусгаарлах өрөө гаргах вакумын асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Түүнчлэн аймгийн дарга Сэлэнгэ аймгийн хэмжээнд нээгдсэн мэдээлэл зүйн дөрөв дэх танхимтай танилцахаар Ц.Рэнцэнноров эрхлэгчтэй улсын тэргүүний 1 дүгээр сургуульд зочиллоо. Тус танхим болон химийн кабинет нь хамгийн сүүлийн үеийн комьютер, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байна. Аймгаас “Гадаад харилцааг эдийн засагжуулах нь” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-тай хамтран мэдээлэл зүйн танхимуудыг ийнхүү сургуулиудад шинээр нээсээр байгаа юм. Тус сургууль энэ хичээлийн жилд 51 бүлэгт 110 багш ажилчид, 1600 хүүхэдтэйгээр сургалтын үйл ажиллагааг явуулах юм байна. Цаашдаа явсаар аймгийн дарга Улсын тэргүүний 4 дүгээр сургуульд очлоо. Эднийх автомашины зогсоолоос эхлээд үүдэндээ шинэ хөшөө босгож, гадна талбайдаа сагсан бөмбөгийн талбай байгуулан, зам тавьжээ. Энэ олон бүтээлч ажлуудыг төрөлх сургуулийнхаа 30 жилийн ойн хүрээнд хийхээр зорьсноо захирал Н.Энхтөр онцоллоо. Тус сургуульд сэтгэл зүйчээс бусад багш боловсон хүчин бүрэн хангагдсан байна. Сургуулийн удирдлагын зүгээс сургуулийн өмнөх зогсоолын асуудлыг шийдвэрлэж өгсөн аймаг, сумынханд талархал илэрхийллээ. Одоо 3.5 сая төгрөгөөр 350 мкв талбайг өөрсдийн багш ажилчдын хүчээр хийж байгаа аж. Тус сургууль энэ хичээлийн жилд 75 багш ажилчид, 1060 орчим хүүхдүүдтэйгээр сургалтын үйл ажиллагаагаа явуулах юм байна. Сургуулийнхаа 16 ангийг шавь Б.Батдоржийнхоо дэмжлэгтэйгээр сольж шинэчилсэн гэв. Бүх багш, ажилчиддаа онцгой нөхцөл байдалд хэрхэн ажиллах үүрэг чиглэлийг гаргасанаа мөн танилцуулсан. Хичээл сургалт эхлэх бүх бэлтгэл тус сургуульд бүрэн хангагдсан байна. 

相关新闻