Хөвсгөл аймгийн нийт бэлчээрийн 60 гаруй хувь нь доройтсон байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам”-ын төслийн хэлэлцүүлэг зохион байгуулах, сумдад Мөшгих тогтолцооны систем нэвтрүүлэх ажлын бэлтгэл хангах зорилгоор Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Зөвлөх баг ажиллаж байна.
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь 2016 оноос “Ногоон Алт, малын эрүүл мэнд” төслийг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Арбулаг, Улаан-Уул, Цэцэрлэг, Цагаан-Уул сумдад амжилттай хэрэгжүүлж ирсэн туршлагатай. Тиймээс Хөвсгөл аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсан “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам, Хариуцлагатай нүүдэлчин стандартыг нэвтрүүлэх төлөвлөгөө”-ний хүрээнд энэ удаагийн уулзалт, арга хэмжээг зохион байгуулж байна.
Тус аймгийн нийт бэлчээр нутгийн 60 гаруй хувь нь ямар нэг хэмжээгээр доройтсон судалгааны дүн гарсан бөгөөд энэхүү бэлчээрийн доройтол нь малчин өрх, цаашлаад сум орон нутгийн орлогод тодорхой хэмжээний сөрөг нөлөө үзүүлж байгаа юм.
Иймээс “Ногоон Алт, малын эрүүл мэнд” төсөл хэрэгжсэн таван сумын туршлага, гарсан үр дүнг үндэслэн эхний ээлжид тус аймгийн Баянзүрх суманд хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн ажиллах юм байна. Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг тэргүүтэй зөвлөх баг аймгийн удирдлагуудтай уулзаж мэдээлэл солилцлоо. Энэ үеэр Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар нь “Хамтын оролцоо-Хариуцлагатай засаглал” дэд хөтөлбөрийг батлан ажиллаж байгааг онцолж байлаа.