Соёлын яам "Хос бичигтэн яам" хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-09-01 15:36:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр тохиож буй "Эх хэлний өдөр"-ийг тохиолдуулан Соёлын яамнаас "Хос бичигтэн яам" хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээ мэдээлэв.


Соёлын салбарын хэл бичгийн бодлого нь иргэдийн монгол хэл, бичгийн түвшнийг жигд дэээшлүүлэх, төрийн албан хаагчид үндэсний бичгээ хэрхэн хэрэглэж сурах нөхцөл бололцоог хүн бүрд тэгш хүртээж иргэдийн эх хэл, бичиг үсэг, түүх соёлын мэдлэгийг гүнзгийрүүлэн, өв соёлоо хайрлан хамгаалж, хөгжүүлэн дэлгэрүүлдэг үндэсний үзэлтэй иргэнийг төлөвшүүлж, “Бүх нийтийн соёлын боловсрол”-ын түвшнийг ахиулахад оршино.


Тиймээс тус яамнаас 2021 онд яам болон харьяа байгууллагын албан хаагчдынхаа үндэсний бичгийн чадварыг нэмэгдүүлж албан хаагч бүр “Хос бичигтэн” болохоор тусгай боловсруулсан хөтөлбөрийн дагуу сургалт эхлүүлж буй юм.


Энэхүү хөтөлбөрийн нээлтэд Соёлын сайд Ч.Номин хэлэхдээ, "Үндэснийхээ бичгийг нийгмийн хэрэглээнд өргөн дэлгэр нэвтрүүлж, монгол хэлтэн бүр үндэснийхээ бичиг үсгийг гаргуун эзэмших учиртай тул Соёлын яам манлайлан Бүх нийтийн соёлын боловсролын хүрээнд “Хос бичигтэн” урт хугацааны жишиг хөтөлбөрийг эхлүүлж байна” гэдгийг онцлов. Мөн тэрбээр, “Монголчууд бид эрт цагаасаа үндэсний бичгээрээ төрийн үйл хэрэг, шинжлэх ухааны бүтээлүүдийг туурвиж ирсэн түүхтэй. Монгол хэл соёлоо дээдлэн, үндэсний бичгээрээ цаашид төрийн албан хэргээ хөтлөх нь бидний үүрэг юм. Тиймээс үндэсний бичгээ сурч эзэмшин түгээн дэлгэрүүлэхийг манай яам, харьяа байгууллагууддаа түүчээлэн манлайлж “Хос бичигтэн яам” болохыг зорьж байна. Монгол Улс кирилл үсгийг 1946 оноос эхлэн хэрэглэж ирсэн ч бидний хувьд 1000 гаруй жилийн түүхтэй үндэсний бичгээрээ үйл хэргээ хөтөлж, тодорхой хэмжээнд хэрэглэсээр өнөөдрийг хүрлээ. Цаашдаа залуу хойч үедээ үндэсний бичгээ өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг болоод байна. Үндэсний бичиг үсэг бол Монгол Улсын хувьд хүн төрөлхтний түүхэнд оруулсан томоохон хувь нэмэр юм. Энэ бичиг үсгээ дэлхийд авч үлдэх, түгээн дэлгэрүүлэх нь бидний амин чухал хариуцлага билээ. Бидний хувьд нийтээрээ хос бичигтэй, ирээдүйд аль ч бичгээрээ саадгүй уншдаг, бичдэг залуу үетэй байхын төлөө ажиллаж байгаа бөгөөд энэ нь Соёлын яамны чухал үүргийн нэг хэмээн үзэж байна. Тиймээс цаашдаа өв соёлоороо бахархдаг, түгээн дэлгэрүүлдэг, уламжлал шинэчлэлийг хослуулдаг залуусыг бий болгохын төлөө хамтран зүтгэцгээе” хэмээв.



Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл хэлэхдээ, “Төрийн албан хаагчийн мэдлэг тодорхойлох судалгааг 160 мянган алба хаагчаас авч Монгол Улсын Ерөнхийлөгч, БШУ-ны сайд, Соёлын сайд болон албаны хүмүүст танилцуулсан. Судалгаанд оролцсон төрийн албан хаагчийн 53.6 хувь нь монгол бичгээр төрийн хэргийг хослуулан хэрэглэхэд бэлэн гэж хариулсан байна. Энэ нь 1992 онд монгол бичгээр эхлэн суралцсан сурагчид өнөөдөр төрийн албыг бүрдүүлж буйтай холбоотой. Энэ онд дэвшин суралцсан төрийн албан хаагч төрийн албаны 33 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл төрийн албанд хаагчдын 65.466 нь үндэсний бичгээ нэгдүгээр ангиасаа үзсэн иргэд юм.

Мөн Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс 21 аймаг 330 сумынхаа салбар зөвлөлөөр дамжуулан 2016 оноос хойш үндэсний бичиг, цахим болон бийрээр бичих сургалтыг хамтран зохион байгуулсан. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003, 2010, 2018 оны зарлигийн биелэлт, Үндэсний бичгийн 1995, 2008 онд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой. Мөн үүнээс өмнө ч төр засгаас үндэсний бичгийнхээ талаар зохих бодлого хэрэгжүүлж ирсэнтэй холбоотой.

Цаашид үндэсний бичгээ хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, хадгалж хамгаалахад төлөвлөсөн ажлуудыг шуурхайлан гүйцэтгэх, төрийн албыг хос бичигтэн болгоход БШУЯ-наас баталсан төлөвлөгөөний дагуу нягт ажиллана” гэв.


Цаашид тус яамнаас монгол бичгийг албан хэргийн түвшинд ашиглаж эхлэх, толь бичиг хэрэглэн монгол хэл, бичгээрээ зөв сайхан бичих зэрэг ажлыг 2021-2024 онд хийхээр төлөвлөжээ. Ингэснээр алсдаа “Хос бичигтэн яам” хөтөлбөрөө харьяа байгууллагууддаа хэрэгжүүлсэн туршлагаа улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлж 2023 оноос “Бүх нийтээрээ хос бичигтэн” болохыг уриалж байна.


相关新闻