ЕХ-ны насанд хүрсэн хүн амын 70 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БРЮССЕЛЬ. /France24/.
Европын Холбооны /ЕХ/ насанд хүрсэн хүн амын 70 хувь нь “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдсанаар нэгдүгээр сард дэвшүүлсэн
зуны эцсийн зорилтдоо хүрлээ гэж Европын Комиссын /ЕК/ тэргүүн Урсула фон дер Ляйен мягмар гарагт мэдэгдлээ.
“Өнөөдөр бид
вакцинжуулалтын аяныхаа ихээхэн ач холбогдолтой үзүүлэлтэд хүрлээ. ЕХ-ны насанд
хүрсэн хүн амын 70 хувь буюу 250 сая хүн вакцинд бүрэн хамрагдаад байна” гэж
ЕК-ын тэргүүн дүрс бичлэгээр дамжуулан хийсэн мэдэгдлийнхээ үеэр хэлжээ.
ЕХ-ны 27 гишүүн
оронд хэрэглэх вакциныг захиалах үүрэг хүлээсэн ЕК нь насанд хүрсэн хүн амын 70
хувь нь вакцины нэг тунд хамрагдсаныг долоодугаар сард мэдээлсэн юм. Дэлхий нийт
одоо коронавирусний илүү хурдан халдварладаг “Дельта” хувилбарын тархалттай тэмцэж байна.
Дэлхийн эрүүл
мэндийн байгууллагын тооцоолсноор, Европт 12 дугаар сарын 1 гэхэд дахин 236
мянган хүн цар тахлын улмаас нас барж болзошгүй байгаа бөгөөд тивийн хэмжээнд
вакцинжуулалтын хурд зогсонги байдалд орж буйд санаа зовниж буйгаа илэрхийлжээ.
Мөн ЕХ гишүүн
орнуудынхаа хоорондын вакцинжуулалтын түвшний ялгаатай байдлыг багасгах шаардлагатай
байгааг Брюссель онцлон тэмдэглээд, шинжлэх ухааны судалгаагаар дархлааг сайжруулах
шаардлагатай гэж үзвэл нэмэлт тунг хийхэд бэлэн байхыг эрх баригчдад уриалсан
байна.
Тодруулбал, хүн
амын вакцинд бүрэн хамрагдсан үзүүлэлт Болгарт 20 орчим хувь, Румынд 32.8 хувь,
Словакт 49 хувь, Польшт 58.1 хувьтай байна. Харин Францад 72.5 хувь, Германд
70.6 хувь, Испанид 76.7 хувь, Ирландад 85.5 хувьтай байгааг Европын Өвчинд
хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлэл харуулж байна.