Намрын ургац хураалтад эрсдлийн үнэлгээ хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-08-31 21:36:35

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн ХХААГ-аас энэ намрын ургацад эрсдэлийн үнэлгээ хийж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Эрсдэлийн үнэлгээ хийсэн ажлын хэсгийн дүгнэлтээр 5, 6-р сард өдөр, шөнийн температурын хэлбэлзэл ихтэй, хүйтэн сэрүүн байсан. Мөн 6, 7 дугаар сард аадар хэлбэрийн хур тунадастай, шөнөдөө сэрүүн байсан зэрэг нь таримлын өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж улмаар болц оройтох шалтгаан болсон хэмээн дүгнэжээ. Мөн Ковид-19 цар тахлын үед хилийн бүсэд үүссэн нөхцөл байдлын улмаас зарим төрлийн ургамал хамгааллын бодис, бордооны нийлүүлэлт тасалджээ. Түүнчлэн таримал ургамал өвчин, хортонд өртөх явдал гарч хураан авах ургацын хэмжээнд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа аж. Мөн ургац тогтоох үеэр нийт хураах талбайн 30 хувь нь сүүн болцын төгсгөл, аарцан болцын эхний үед, 10 хувь нь сүүн болцын төгсгөлд байгаа аж. Энэ нь ургац хураалтын ажилд хүндрэл учруулж болзошгүй байна. Иймээс ургац хураах арга технологи, техникийн бэлэн байдал, ажиллах хүн хүчний асуудалд онцгой анхаарах шаардлага гарч байгаа аж. Энэ намрын ургац хураалтад нийтдээ 1041 комбайн, 220 гаруй үтрэм, 1178 ширхэг хөдөө аж ахуйн машин, техник тоног төхөөрөмж ажиллах юм байна. Одоогийн байдлаар техник засварын ажил 80 гаруй хувьтай явагдаж байгаа аж. Мөн намрын ургац хураалтад зориулж ОХУ-аас үр тариа хураах өндөр хүчин чадлын 50 гаруй комбайныг ХААН банкны санхүү, түрээсийн үйлчилгээгээр нийлүүлсэн байна. Түүнчлэн Беларусь Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр ногоон тэжээл бэлтгэх зориулалттай 60 иж бүрдэл, төмсний 30 иж бүрдэл, хүнсний ногооны 20 иж бүрдэл техник, тоног төхөөрөмжийг ургац хураалтаас өмнө нийлүүлэх бөгөөд хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох юм байна. Улсын хэмжээнд үр тариа хадгалах 523 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас Хөдөө аж ахуйг дэмжих санд 182 мянган тонн, хувийн хэвшилд 341 мянган тонн нь ашиглагдаж байгаа аж. Дээрх элеваторуудын ариутгал, засвар үйлчилгээ хийгдэж буудай хүлээн авахад бэлэн болжээ. 

相关新闻