Баянхонгорын ИТХ-д МАН 24 суудал авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-06-30 17:36:33

Баянхонгор аймагт УИХ болон аймгийн ИТХ-ын 2016 оны сонгуульд Монгол Ардын Нам үнэмлэхүй ялалт байгууллаа.

Аймгийн ИТХ-ын сонгуульд 4 намын 110 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН 24 суудал, АН 17 суудал авчээ. МАН-ын хувьд хангайн бүсэд олонх, говийн бүсэд мөн цөөнгүй суудал авсан бол аймгийн төвийн 6 тойрогт 8 нэр дэвшигч ялалт байгуулсан байна.

Баянхонгор аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон хамгийн залуу дэвшигч 30 настай бол дийлэнх нь 40-50 насныхан байгаа аж. Энэ удаагийн сонгуулийн онцлог нь аль аль намаас эмч нар нэр дэвших нь их байлаа. Мөн аймгийн төвийн 2 болон 5 дугаар багийн дарга хийж байсан хүмүүс, сумдын Засаг дарга нар нэр дэвшиж олонх нь ялалт байгуулжээ.

Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны нэгдсэн дүн хараахан гараагүй, тун удахгүй эцсийн дүнг албан ёсоор танилцуулах юм байна. Одоогоор сум сумдаас сонгуулийн санал хураасан машин, саналын хуудсууд тээвэрлэгдэн ирж байна.

Харин тус аймагт УИХ-ын 7 дугаар тойрогт нэр дэвшигч Г.Занданшатар, 8 дугаар тойрогт нэр дэвшигч М.Билэгт, 9 дүгээр тойрогт нэр дэвшигч Л.Элдэв-Очир нар ялалт байгуулсан юм.

Б.Мөнхзул

相关新闻