Францын эрүүл мэндийн хяналтын байгууллага нэмэлт тунг тарихыг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-08-27 13:55:52

ПАРИС. /France24/. Францын “Haute Autorité de Santé” эрүүл мэндийн хяналтын байгууллага /HAS/ коронавирусээр халдварласан тохиолдолд хүндээр өвчлөх эрсдэлтэй өндөр настнуудад вакцины нэмэлт тунг тарихыг зөвлөжээ.


Ингэснээр 65 болон түүнээс дээш насны иргэдэд “Pfizer”, “Moderna” компанийн матрицын рибонуклейн хүчил /мРНХ/ дээр суурилсан вакциныг санал болгох ажээ. Франц нь эдгээр вакцины хангалттай нөөцтэй болоод буй юм. Өнгөрсөн сард Францын Эрүүл мэндийн яам эмзэг бүлгийн таван сая орчим хүнд нэмэлт тун тарихаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.


HAS” мэдэгдэлдээ, “Ойрын долоо хоногуудад 80 болон түүнээс дээш насны иргэдийн вакцинжуулалтын түвшнийг /79.9 хувь нь вакцинд хамрагдсан/ нэмэгдүүлэхийг эн тэргүүнд тавихын сацуу нэмэлт тунд хамрагдах боломжтой хүмүүст гурав дахь тунг хийхийг зөвлөж байна хэмээн бичжээ.


Ийнхүү нэмэлт тунг ирэх 10 дугаар сарын эцсээс хийх хэрэгтэй гэж тус байгууллага үзжээ. Францад ирэх долоо хоногоос хичээлийн шинэ жил эхлэх гэж буй энэ үед өдөрт дунджаар халдварын 20 мянга орчим шинэ тохиолдол бүртгэгдэж буй юм.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хувьд дэлхий дахины вакцины нийлүүлэлтийн тэгш бус байдлыг зохицуулахын тулд гурав дахь тунг хийх хугацаагаа есдүгээр сарын эцэс хүртэл хойшлуулахыг уриалсан билээ.


Израилд халдварын тохиолдлын тоо нэмэгдэх болсонтой холбогдуулан долоодугаар сарын эцсээс нэмэлт тун вакциныг тарьж эхэлсэн юм. Ийнхүү тус улс нь гурав дахь тун вакцинд хамрагдахыг иргэддээ санал болгосон анхны орон болсон бол Герман, АНУ ийм аяныг есдүгээр сараас эхлүүлнэ гэдгээ мэдэгдээд байна. 

相关新闻