Байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий захиралтай уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг тус агентлагийн Ерөнхий захирал Р.М.Гросситой энэ сарын 24-нд уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг COVID-19 цар тахлын хүнд үед ОУАЭА манай улсыг дэмжиж, зөөврийн рентген аппарат /Mobile X-Ray Unit/, 2000 дээжид шинжилгээ хийх 10 ширхэг оношилгооны багаж /RT-PCR/ зэрэг 130 мянган еврогийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл олгож, мэргэжилтнүүдийг олон улсын сургалт хамруулсанд талархал илэрхийлэв.
Энэ үеэр ОУАЭА-ын Ерөнхий бага хурлын 65 дугаар чуулганы үеэр хэлэлцэх асуудлууд болон цаашид хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх боломжтой ажлын талаар санал солилцов.
Ерөнхий захирал Р.М.Гросси ОУАЭА-ын үйл ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцож, Захирагчдын зөвлөлийн гишүүн, Алс дорнодын бүлгийн даргын ажлыг амжилттай гүйцэтгэж байгаад талархал илэрхийлж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаа нотлов.