Ц.Саранчимэг:Ажил хийдэг, улсаа хөгжүүлдэг залуусыг л бий болгомоор, хүмүүжүүлмээр санагддаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-08-25 22:23:29

“Сэлэнгэ савхи” хувьцаат компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн чанар, загвар, оёдол хийцээрээ хэдийнээ олны талархалыг хүлээж, өөрийн гэсэн байр сууриа олжээ. “ССС” буюу (Сэлэнгэ-Савхи-Сараа) компани нь нэгэн гэр бүлийн эхнэр, нөхөр, хүү гурвын хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийн шимээр өнөөдөр өөрийн гэсэн захиалагч, үйлчлүүлэгчтэй болжээ. Тус компанийн захирал Ц.Саранчимэг мэргэшсэн оёдолчин төдийгүй компанийнхаа загвар зохион бүтээгч, эсгүүрчин, багш, индүүчин, оёдолчин, нярав, менежер гээд бүхий л ажлыг нуруундаа үүрч яваа монголын мянга мянган ажилсаг эмэгтэйчүүдийн нэгэн төлөөлөл. Харин түүний хань Ж.Амарсайхан тэтгэвэрт сууж, төмөр замын ажлаасаа чөлөөлөгдсөнөөр Сараа захирлын гадуур гүйдэг ажил хумигдаж, ажлын ачаалал нь хөнгөрчээ. Компанийн бас нэгэн гишүүн болох бага хүү А.Баяржавхлан дунд сургуулийн 9-р ангийн сурагч. Тэрээр компьютер графикийн болоод лого, үсэг бичиж наах, өнгөний төрөл бүрийн уусгалт хийх, чимэглэл оруулах зэрэг нарийн чимхлүүл ажлыг гардан чадварлаг гүйцэтгэж, ээж, аавдаа дэм болон гэр бүлийн бизнесээ урагш явуулахад нь тусалдаг байна. Ц.Саранчимэгийн хувьд савхин эдлэлээрээ гаршсан, Сэлэнгэдээ нэртэй мастер оёдолчин бөгөөд өмнөө хэнийг ч гишгүүлж байгаагүй чадварлаг гэдгээрээ алдартай нэгэн. Ингээд “Сэлэнгэ савхи” ХК-ийн захирал Цогтбаярын Саранчимэгтэй уулзаж ярилцлаа.

-Танай компани анх дан савхиар дагнан үйл ажиллагаагаа эхэлж байсан байхаа. Өнөөдөр маш олон шинэ бүтээгдэхүүнээр нэр төрлөө нэмсэн харагдана?

-Манайх 2013 онд үйлдвэрлэл үйлчилгээ гэсэн чиглэлээр “Сэлэнгэ савхи” ХК-иа анх байгуулж байлаа. Энэ үед дан савхин эдлэлээр дагнаж, урт, богино загварын төрөл бүрийн гадуур хувцас оёдог байв. Ингэхдээ захиалгаар болон хуучин савхин эдлэлийн загвар, хийцийг өөрчлөх. Мөн савхины өөдсөөр цүнх, суудлын бүрээс, тор гээд хүний хэрэгцээнд зориулагдсан дагалдах жижиг зүйлүүдийг үйлдвэрлэж байсан. Савхины хувьд гол төлөв солонгос үхрийн арьсаар бүтээгдэхүүнээ хийдэг. Миний хувьд савхинд нэлээд мэргэшсэн, гаршсан. Зах зээлийн өрсөлдөөний хуулийн зарчмаар хэн илүү хийж чадна тэр оршин тогтноно ш дээ. Ингээд 3 жилийн өмнөөс биеийн тамирын хувцас, чөлөөт загвар, ажлын хувцас зэрэг зөөлөн эдлэл рүү ороод байна.  Ерөнхийдөө манайх 4-5 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа.

-Мэдээж компани өргөжин тэлэхийн хэрээр үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэнэ. Гэр бүлийн гишүүдээс гадна хичнээн ажилтантай вэ? Мөн үйлдвэрийн тоног төхөөрөмж болсон оёдлын машин техникүүд ажлын бүтээмжинд маш их нөлөөлдөг болов уу?

-Тийм шүү. Манай компани одоогоор 3 оёдолчинтой. Тоног төхөөрөмжийн хувьд стандартын бүх төрлийн тусгай зориулалтын оёдлын машинуудтай. Бүх оёдлоо тусгай зориулалтын машинаар, тусгай утсаар оёж байна. Биеийн тамирын хувцсыг зөөлөн суналттай утсаар оёдог. Зүгээр нэг хатуу утсаар оёхгүй. Тоног төхөөрөмж бүхэн оёдолдоо тохирсон тус тусдаа заалтай, дандаа комьютертэй машинууд бий. Нэг машиныг 8 жил болоод л сольдог. Машинууд маань өөрөө бүх үйлдлээ хийдэг болохоор гар ажиллагаа байхгүй. Жишээ нь өөрөө утсаа таслана, бөхөлгөөгөө хийнэ, хурдан удаан оёно, алхмаа холдуулж, ойртуулна, шулуун, муруй оёно гэх мэт. Гар үйл ажиллагаа гэвэл зөвхөн индүү. Энэ бол уурын индүү учраас ерөөсөө дараад л дараал л болдог. Одооны тоног төхөөрөмжүүд хөдөлмөрийг маш их хөнгөвчилсөн. Тусгай зориулалтын 4 утастай хэрээсний машин конзагаар өмдний монжатны резинийг оёно. Үүнийг шулуун оёоны машинаар оёлоо гэхэд дарвайтал сунах жишээтэй. Дээхэн үед оёдолчид материалаа оёчоод дараа нь цэвэрлэгээ гараараа хийдэг байлаа. Тэр үед бүх зүйл гар оёдол байсан. Харин одоо бол өөр. Иймээс оёдлоос гарлаа, индүү рүү орлоо, савалгаа хийгээд шууд борлуулалт руу явдаг болсон. Оёдлын үйлдвэрт байдаг бүх тоног төхөөрөмж, машин манайд байгаа.  

-Оёдлын үйлдвэрийн тухайд материал маш чухал. Бараа материалаа хаанаас татдаж байна. Бас үнэ ханш хэр байна. Одоо чинь өдрөөс өдөрт юмны үнэ өссөөр л байна шүү дээ?

-Би материалаа Улаанбаатар хотоос авдаг. Энэ компанитайгаа гэрээ хийгээд түнш болчихсон. Манай материалууд маш сайн. Будаг гарахгүй, бөөстөхгүй, сунахгүй, яг биеийн тамирын хувцасны зориулалтын материал байдаг. Ийм болохоор чанартай, шаардлага хангасан хувцас болж чаддаг. Одоо юмны үнэ өсөөд л байна. Яалт ч үгүй дагаад өсөхөөс өөр аргагүй байдалд хүрнэ. Гэхдээ би одоогоор үнээ нэмээгүй ээ. Яагаад гэвэл аймаг, орон нутгийнхаа худалдан авах чадвартай уялдуулаад дүйцүүлж үнээ тогтоодог. Улаанбаатар хотын үнэ ханшийг энд мөрдөнө гэж байхгүй ш дээ. Иймээс хотынхоос арай бага үнээр гардаг. Энд хүмүүс их дуртай, талархалтай байдаг. Гадуур бэлтгэлийн өмд цамц 100-120 мянгын хооронд гарч байна. Харьцангуй хямд. Подволк шорт гэхэд анги ангиараа, нас наснаасаа хамаараад арай өөр өөр үнэлгээтэй гарна. Хүүхэд, том хүн гээд тус тусдаа үнэлгээтэй. Сургуулийн хүүхдүүдийн гадуур хувцас гэхэд 1-3-р анги, 4-5-р анги, 10-12-р анги гээд тус тусдаа өөр үнэ ханштай.  Богино шорт, подволк гэхээр 50-60 мянгад гарна. Бас хэвлэлтийн хувцас гэж бий. Хээ, хуар гаргаж, өнгийг нь уусалттайгаар янз бүрийн өнгө гаргана. Энд тусгай тоног төхөөрөмж ашигладаг. Үүнийгээ бас материалыг нь түнш компаниудаасаа авч ирнэ. Энэ маань арай өөр үнэлэгээтэй. Гадуур хувцас, ажлын хувцасны материал гэхэд бас л өөр. Солонгос, Гуанжу материалууд тус тусдаа өөр. Төрөл төрлөөрөө ямар материалаар ямар хувцас оёх вэ гэдгээрээ л ялгаатай. Бүх юмны үнэ нэмэгдээд ирэхээр хүмүүсийн худалдан авах чадвар буурдаг.   

-Захиалга хэр байна. Дэлхий нийтийг хамарсан ковидын нөхцөл байдлын улмаас олон аж ахуйн нэгжүүд хаалгаа барилаа гэж дуулдана. Танайд хэр нөлөөлж байна даа?

-Манайх энэ хүнд үед ажилчдаа явуулж, хаалгаа барьсангүй. Оёдол, эсгүүр, захиалга явагддагаараа явагдаж, ажил өрнөн буцалж, хэвийн үргэлжилж байна. Амьдрал үргэлжилж байна шүү дээ. Хүмүүс чанартай, өргөн сонголттой, өөрт тохирсон загвар хийцэд дуртай болж. Спорт хувцас бол маш эрэлт хэрэгцээтэй. Сургууль, цэцэрлэг ороод, олон нийтийн ажил эхлээд ирэхээр захиалга маш их ирдэг. Уралдаан тэмцээн яваад ирэхээр аягүй их ачаалалтай ажилладаг. Хүүхдүүд анги ангиараа ижилсээд их хөөрхөн. Нэг анги гэхэд 30-45 хүүхэдтэй байдаг. Одоо сургуулиуд анги ангиараа ижилсдэг болсон байна. Харахад их хөөрхөн, 1-р ангийн хүүхдүүд алаг эрээн хувцсаар ижилсэн байх нь дэгдээхээ шиг хөөрхөн харагддаг. Одоо энэ ковидтой холбоотой жаахан захиалга сул байна. Манайх гэрээ хийсэн түнштэй болохоор бараа материал тасалдана, хүлээгдэнэ гэж байдаггүй. Мөн үргэлж шинийг эрэлхийлж, шинэ загваруудыг олж, гаргаж байдаг болохоор эрэлт хэрэгцээ ихтэй. Миний хувьд нэг загварыг олноор гаргадаггүй. 2-3 хүн аваад л явчихвал тэр загвараа өөрчилж, нэмэлт хасалт хийдэг ч юмуу байнга өөрчилж, шинэчилж байдаг. Ийм болохоор хүмүүс их дуртай байдаг.

-Танай ажилчид ажлын хөлсөө яаж авч байна. Нийгмийн даатгал төлж байгаа юу?

-Манай ажилчид бүтэн сайн өдөр амарна. Өдрийн нормоор өдөртөө л хийж, өглөө 09.00-18.00 цагийн хооронд ажиллана. Харин орж ирсэн захиалганаас болоод орой жаахан сунаж ажиллах тохиолдол хаяа гардаг. Гэхдээ хийснээрээ хөлсөө авдаг болохоор хүмүүс сунаж илүү цагаар ажиллах дуртай байдаг. Гэсэн ч хүмүүсээ ядраахгүй эртхэн явуулахыг хичээдэг. Нөхөр бид 2 хоёулаа л энэ компанийнхаа төлөө явдаг. Хүмүүсийг бас ажилтай, орлоготой, ажлын байртай байлгахын төлөө хичээж явна. Бас ажиллаж байгаа хүмүүсээ тогтоохын төлөө их зүтгэдэг. Манай ажилчид хийснээрээ цалинждаг. Үнэлгээ бол гайгүй. Сард нэг оёдолчин сая гаргаад л авдаг. Манай компани хүмүүсийнхээ нийгмийн даатгалыг төлдөг. Өдөрт би ажилчдаа эндээ үнэ төлбөргүй үдийн цайг нь өгдөг. Өглөө 11.00 цагт цай уулгаад, өдөрт 13.00-14.00 цагт хоол өгнө. Үдээс хойш 17.00 цагт дахиад нэг цай уулгах жишэтэй. Хүмүүсээ тогтоохын тулд ядаж завсарлагааных нь хоол цайг үнэ төлбөргүй өгч, том үйлдвэрүүдийн жишгээр ажиллах гээд л үзээд байгаа.

-Сэлэнгэ аймагт ганц Сараа л савхиар төрөл бүрийн хувцас оёдог гэж хэлэхэд хэлсдэхгүй. Бусад оёдолчид савхи бол Сараа шүү, тийшээ оч гээд л захиалагчаа явуулдаг гэж сонссон. Мэргэжил бүхэн өөрийн онцлог чанартай. Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би Өвөрхангай аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинат гэж байхад анх 1985 онд ажилчнаар ороод түүнээс хойш оёдлын мэргэжлээр дагнан ажиллаад 36 жил болж байна. Тэр дундаа савхин эдлэлийн оёдлын үйлдвэрлэл эрхэлж байгаа мэргэшсэн оёдолчин. Хүн юмыг хийсэн шиг хийх ёстой. Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах бүрт захиалагч, хэрэглэгчийн тоо нэмэгддэг амьдралын хууль энд үйлчилдэг. Би маргаашийнхаа ажлыг шөнө нь тархиндаа ургуулаад л бодоод хонодог. Тэгээд маргааш нь очоод л шууд хийдэг. Анхны ажлын гараа маань захиалгат хувцас дээр ажилладаг байсан. Энэ цех хүнийг цаашаа явах нөхцөлөөр хангаж, оёдол оёх сонирхолыг нээгээд өгчихдөг юм. Юмыг яаж хийхүү, хэрхэн оёх уу гээд. Тэндээ би их сайн багштай байж байгаад өөрөө өөрийгөө хөгжүүлж чадсан. Тэгээд 1990 онд Дарханы Нэхий эдлэлийн үйлдвэрт ирсэн. Тэнд ирээд талбай ашиглалтын тооцоологч хийж байсан. Энэ маань одоо надад маш их хэрэг болж байна. Яагаад гэвэл энэ даавуугаар би хувцас эсгэхэд яаж хаягдалгүй эсгэж, үр бүтээлтэй даавууг ашиглаж чадах вэ гэдэг чадамжийг эзэмшиж авсан байна. Жижиг өөдөс гарна уу гэхээс том томоор хаягдал гаргахгүй. Ингэж даавуу, савхиныхаа талбайг ашиглаж чадах юм бол өөр зүйл хийх ашиг болоод явчихна. Жижиг өөдсийг зүүгээд төрөл бүрийн цүнх, суудлын бүрээс, тор гээд хүний хэрэгцээ юу байдаг юм тэр бүгдийг хийнэ. Хаягдал гэж байхгүй. Тэгээд Дархан нэхий маань зах зээлийн үед цомотгол хийхэд гараад хувиараа оёдлын үйлдвэрлэл эрхэлж савхи оёж эхэлсэн. Миний хөдөлмөрийг үнэлж, Сэлэнгэ аймгийн ИТХ-аас 2016 онд Аж үйлдвэрийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнасанд би их урамшсан. Бидний үед илгээлтийн эзэн гэж байсан. Тэгээд оёдлын үйлдвэрт гараад л тэндээсээ ургуулж явсаар оёдолчин болсон доо. Өөрт бас удам дагасан гарын ур байсан маань их нөлөөлсөн. Миний аав Д.Цогтбаяр гэж байсан. Намайг 10-р анги төгсөх жил Сэлэнгэ аймгийн Тээврийг удирдах газарт ажил сайжруулах томилолттой, даргаар нь ирж ажиллаж байгаад хугацаа нь дуусаад буцаад явсан. Би ангийнхаа хүүхэдтэй гэр бүл болоод эндээ суурьшин амьдарсан юм.

-Та ер нь шантардаг уу. Өөрийн төрүүлсэн шавь нартай юу. Таны цаашдын зорилгыг бас сонирхож болох уу?

-Би ерөөсөө шантардаггүй.  Надад шавь бол бий. Харин шинээр төрүүлэх гэхээр шантраад явчих юм. Шаардлага өндөр болохоор тэгдэг юм уу бүү мэд. Чанар чанар чанар гээд орилоод ирэхээр л шантраад явчих юм. Худалдан авагч хаан учраас хэрэглэгчийн эрх ашигт нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргах ёстой. Өөрсдийнх нь хүссэн загвараар, сонирхсон материал, тохирсон хэмжээгээр сэтгэлд нь нийцсэн, чанартай бүтээгэдхүүн урлах ёстой. Одоо хүмүүс загварын аплейкш ухаад төрөл бүрийн загвар гаргаж ирээд яг үүгээр адилхэн оёх уу гэдэг. Би оёноо л гэдэг. Хүмүүс гэр бүлээрээ “хайр түгээе, бид нэг гэр бүл” гээд хувцасныхаа ард бичиг их захиалж хийлгэдэг болж. Одоо ингээд намар, хавар гадуур явж байхад миний оёсон савхийг өмсөөд явж байгаа хүмүүс Сэлэнгэд олон байдаг. Түүнийг хараад бахархдаг. Гоё санагддаг. Сэлэнгэд савхи оёж байгаа ганц оёдолчин бол би. Тийм болохоор хүмүүс над руу л савхитай холбоотой бүхнийг явуулчихдаг юм. /инээв/. Оёдолчин хүний бахархал бол хүн миний оёсон хувцсыг өмсөөд явж байхыг харах л юм даа. Аягүй гоё байдаг. Манай үйлдвэрийн материал ерөөсөө гологдохгүй. Загвар, төрөл, размер размераар үйлдвэрлээд тавьсан байхад орж ирсэн хүмүүс худалдаад авахад бэлэн үйлдвэрлэж байгаа. Оёдлын талаас гологлох юм ерөөсөө байхгүй. Эрэлт хэрэгцээ их байна. Харин нийлүүлэлт хүлээгдэж, оёдол хийх ажиллах хүч алга. Цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлээд ажлын байраа нэмэгдүүлээд, Сэлэнгэ брэндийн биеэ даасан үйлдвэрээ өргөтгөөд, хилийн чанадад хүртэл гаргамаар, төрөл зүйлээ нэмэгдүүлж, гадуур хувцас хүртэл оёмоор, олон хүмүүсийг ажлын байртай болгомоор  байна. Ингээд ирэхээр тэр хүмүүсийн ар гэр, амьдрал ахуй дээшилнэ. Бид үйлдвэрлэсэн хувцсан дээрээ үйлдвэрийнхээ логог хийж өгдөг. Аймгийн төвдөө төдийгүй бүх сумдадаа сургуулийн хүүхдүүд, албан байгууллагууд захиалж байгаа. Би ажилчин авах гээд зөндөө зар тавиад уриад байхад ерөөсөө хүмүүс ирдэггүй, ажил хийх дургуй байна. Би ажилд орьё гэж утасдаж байгаа хүн огт байхгүй. Энэ байдал ажил урагшлахад маш их төвөгтэй. Хэдийгээр ганцаараа, 2, 3-аараа махраад зүтгээд байгаа ч ажлаа дийлэхгүй, яалт ч үгүй ажлын хүч дутагдалтай болдог. Би хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ч авна. Хэлгүй, сонсголгүй ч байсан авна. Гэсэн ч ирэхгүй л байна.

-Таны хувьд яагаад ажиллах хүч ирэхгүй байна гэж бодож байна вэ?

-Миний хувьд халамж ихдээд байна гэж бодож байна. Хүүхдийн мөнгө, өөр төрөл бүрийн халамж бууж байна. Энэ бүхэн хүнийг ажил хийх сонирхолгүй, өөрөө хөдөлмөрлөж байж, мөнгө олох сонирхолгүй, бэлэнчлэх сэтгэлгээнд сургаад байна уу даа.  Зарим ажилчид маань хүүхдийн мөнгө өгч байгаа юм чинь бараг болж байна л гэх юм ярьдаг. Халамж жаахан багасчихвал хүмүүс аандаа ажил хийнэ ш дээ. Би одоо чадахгүй хүмүүсийг үнэ төлбөргүй сургаад, заагаад авья гэхэд л ирэхгүй байна шүү дээ. Ирээд сурах гэхээрээ сурахгүй, идэвхи сонирхол байхгүй, цаг нөхцөөж байгаад л цалин авах гэсэн хүсэлтэй хүмүүс ирдэг. Би өөрөө махарч ажиллаад сурчихсан болохоор тэр үү. Хүмүүсийг өөр шигээ байлгах гээд байдаг байж магадгүй гэж хаяа өөрөө боддог. Хүмүүсийг ер ойлгохгүй байгаа. Хүн чинь хэдий сайн хийнэ төдий чинээ л сайн хөлс авна шүү дээ. Хөдөлмөрлөж байж л хүн сайхан амьдарна ш дээ. Энийг хүмүүс ерөөсөө ухамсарлахгүй байгаа юм уу. Залуучууд бол ерөөсөө ирэхгүй. Би үнэ төлбөргүй сургаж авна гэж зар тавьдаг. Бас насны хязгаар тавьдаггүй. Залуу, хөгшин хамаагүй авна гэдэг. Яахав настай хүмүүс утасддаг. Хөөрхий минь ирж байгаа л даа. Гэхдээ нүдний хараа муу, удаан сууж ажиллах чадваргүй, ажлын бүтээмж тааруу байдаг. Ийм болохоор яалт ч үгүй гологдох талдаа болно. Тэр хүмүүсийн сайн тал нь ажлын идэвхи маш сайн, зүтгээд л байдаг. Бид чинь залуудаа хонон өнжин ажлаа хийгээд л сууж байдаг байсан. Хөдөлмөрөөр хүмүүжсэн гэхэд болно. Урд нийгмээ магтаж, одоо нийгмээ муулж байгаа юм биш л дээ. Залуу байхад чинь ёстой эрч хүчтэй ажилладаг байлаа. Одоо зарим залуучууд хараад байхад орой жаахан оройтож суулгахаар 2 цаг сунаад ажиллая гэхээр урвайгаад суучихна. Тэр л маш хүнд.  4 хөл, гар нь ажиллаж байгаа хүмүүст халамж өгмөөргүй л байгаа юм. Мэдээж үнэхээр авах ёстой хүмүүст нь өгөлгүй яахав. Ажлын байр байгаад байхад ирэхгүй, бэлэнчлэх хүмүүсийг бүгдийг нь ажилтай болгох хэрэгтэй. Зүгээр байж байгаад халамж аваад байдаг хүмүүс байдаг. Би тэднийг гайхдаг.  

-Танайх бас ажлын хувцас оёж байгаа гэлүү?

-Тиймээ. Манайх ажлын хувцас хийж байгаа. Саяхан аймгийн ЗДТГ-ын харуул хамгаалалтын хувцас оёсон. Ажлын цамц хийнэ. Ажиллах хүч байвал би олон салбарын юм хийчих санаатай байгаа. Даанч ажиллах хүч байхгүй болохоор аягүй их цаг алдаад байх юм. Надад одоо 6 оёдолчин байхад л би хангалтай ажиллана. Би хүмүүсээ амраадаг. Өөрөө бол амралт байхгүй ажилладаг. Ажлын хувцас оёлоо гэхэд товчны нүх гаргагч, товч хадагч машин, бөхөлгөөний машин бүгд байж гэмээнэ оёно. Тэд байхгүй бол ажлын хувцас оёход хэцүү. Энэ машин манайд л бий. Нэг тоног төхөөрөмж дутахад л тэр бүтээгдэхүүнийг оёж болохгүй болдог. Одоо манайх хоёр оёдолчинтой. Манай хоёр сайн оёно оо. Би өөрөө дунд нь ороод л оёно. Их л ядардаг юм.

-Юм оёно. Тэр дундаа төрөл бүрийн загвар хийц, хүний таашаалд нийцүүлж оёх бас өөрөө урлаг юм уу даа. Тэр бүр хэн дуртай нь шууд оёх ажил биш байх аа?

-Оёно гэдэг өөрөө их учиртай. Нэг хүн олж ирээд оёуллаа гэхэд үнэхээр гарын ургүй бол бас явахгүй. Нөгөө хүнд чинь зааж сургах гээд их цаг алддаг. Одоо би нэг хүн шинээр авлаа гэхэд тэр хүнд бүтэн сар заана. Тэгээд бүр гарын дүүгүй, удаан тийм хүмүүс бас байна. Гараас нь юм гарахгүй. Бас хэцүү. Хэн дуртай нь очоод оёчихүй. Бас хэцүү мэргэжил. Юм оёно гэдэг чинь ухааны ур, гарын ур, нүдний ур гурвуулаа байж гэмээнэ төгс бүтээл гарна. Энэ гурваа нийлүүлж байгаад оёороо гэж би хүмүүстээ захидаг. Тэд маань үнэхээр тийм юм байна шүү гэнэ. Ухааны ур хүрэхгүй бол бас л дутуу бүтээл гарна. Хүн л болсон хойно дутуудах юм гарнаа. Дор бүрд нь хэлээд л засна. Ер нь хүн өөрөө өөртэйгээ адил хэмжээний хүнийг хайгаад, түүнийг өөр шигээ байлгах гээд л байдаг юм шиг. Манай нөхөр, чиний санаанд таарах хүн олдохгүй ээ гэдэг юм. /инээв/ Яах вэ миний 50 хувьд л байхад боллоо. 36 жил тасралтгүй оёдлын үйлийг тасралтгүй хийж байгаа хүн чинь мэргэшсэн, дадлагажсан, гаршсан байна шүү дээ. Гэртээ амарч байхдаа хүртэл би гэртээ оёх юм хайж байдаг юм. Тэгэхээр тэр бол хүний хобби байдаг бололтой. Би чинь оёдлоо л хийж байвал хамаг жаргал минь тэнд байдаг юм ш дээ. Үндэсний хувцасыг гэр бүлийнхээ хэмжээнд  урланаа. Түүнээс биш захиалга аваад оёдоггүй. Гарт орчихсон зүйлтэйгээ л хүн зууралдаад байдаг бололтой. Европ хувцасаараа /инээв/. Үндэсний хувцас оёдог хүмүүс европ хувцас руу орохгүй ш дээ. Ийм байдаг. Гаршсан юмаараа л дагнаад явдаг. Олон юмруу орохоор үйлдвэр болж өгөхгүй. Нэг чиглэлээ бариад л явдаг. Савхийг бол би өөрөө ганцаараа л оёно. Өөр хүнээр оёулах гэхээр болж өгдөггүй юм. Савхи чинь нэг л зүү хатгаад нүх гаргасан бол буцааж сугалах ямарч эрх байхгүй. Мөн ханзлах ямарч эрх байхгүй. Зүүний нүх гараад л нүхтэй болчихдог. Даавуу шиг зүүний нүх нь арилна гэж байхгүй. Одоо энэ манай бэлтгэлийн хувцасны материал ч гэсэн бас тийм. Нэг л нүхлэх юм бол ул мөрөө үлдээнэ. Тийм учраас ханзлахгүйгээр л оёно. Хүмүүс ханзлах уу гэдэг. Би үгүй ханзлахгүй шүү гээд л орилдог. Ямар хэцүү юм бэ. Ханзлахгүй гээд байх юм гэдэг. Тийм учраас өндөр ур чадвар, нарийн мэдрэмж шаардсан оёдолын ажил хэцүү. Оёдол ур чадвар шаардсан ажил. Таарсан хувцас гэдэг чинь эсгүүр нь зөв гарсан, загвар сайтай, өнгө зөв зохицсон, оёдол сайхан байхыг хэлдэг юм.

-Танайх үйлдвэрлэлээ өргөжүүлж, тоног төхөөрөмжөө шинэчилсэн гэлээ. Зээл тусламж авав уу. Засгийн газрын 3 хувийн хүүтэй зээл ч гэх юм уу. ЖДҮ-ийг дэмжих зээл гээд үйлдвэрлэл эрхлэгчдэд боломж их байх шиг?

-Манайх сая Засгийн газраас олгосон 3 хувийн хүүтэй зээлд хамрагдаж, овоо бараа материалаа татаж, бас зарим тоног төхөөрөмжөө шинэчилсэн. Өмнө нь ЖДҮ-ийн шугамаар зээл хөөцөлдөөд хэзээ ч авч чаддаггүй байсан. Эхний хэдэн давааг нь давсан ч ар араас цуварсан дамжлага бүрийг даван туулж, шаардлагад нь нийцэж чаддаггүй. Харин энэ зээл бидэнд маш их дэм боллоо. Энэ зээлийг банк өгч байгаа болохоор олдож байна. Учир нь бид банкны бүх шалгуурыг хангаж байгаа учраас. Ямарч саадгүй ажиллаж байна. Тоног төхөөрөмж байна уу байна. Үйл ажиллагаа явж байна уу явж байна. Харин цаашид би ажлын байраа нэмэгдүүлнэ, бараа бүтээгдэхүүнээ олшруулна. Борлуулалт сайн байх тутам би зээлээ төлнө. Сум хөгжүүлэх сан гэдэг рүү би нэг удаа орсон. Надад олдоогүй. Тэгээд л би больсон. За за надад олддог зээл биш, худлаа юм байна, ер нь банктай л харьцсан нь дээр юм байна гэж бодсон. Өмнө нь би банкны зээлээр бараа материалаа татах, зарим тоног төхөөрөмжөө авсан байсан. Тэгээд ашгүй засгийн газрын дэмжлэг гарч ирээд дахиж зээлээ шинэчлүүлсэн. Энэ бол маш их хөнгөлөлт болж байгаа.

-Ажиллах хүчний асуудлыг цаашид хэрхэн шийдэх талаар танд бодсон бодол юу байна. Хүмүүсийг яавал ажил хийдэг болгох талаар саналаа хуваалцаач?

-Би энэ зовлонг ганцхан өөртөө байгаа юм болов уу гэж бодсон. Үгүй юм байна. Манай улс тэр чигээрээ ажиллах хүчин дутмаг болсон юм байна. Үүнийг ажиглаад би ч аргагүй юм байна гэж бодсон. Энэ байдлыг манай төр засаг бодлогоор л зохицуулж, ажил хийдэг, улсаа хөгжүүлдэг залуусыг л бий болгомоор, хүмүүжүүлмээр байгаа юм. Биднийг залууд нэг сар ажилгүй суухад л хөдөлмөр тасарна гэж айдаг. Нэг ажлаас гараад нөгөө ажилд хурдан орохгүй бол болдоггүй байсан. Гэтэл одоо хэдэн сар жилээр зүгээр суугаад л байдаг. Цаана нь тэтгэмж өгөөд байгаа болохоор би болж байна, ажил хийхгүйгээр амьдарч болно. Ажил хийх ямар шаардлагатай юм. Тэр 500 мянган төгрөгийг зүгээр суугаад л олж байна ш дээ гэж өөдөөс бараг хэлж байна ш дээ. Халамжийн нийгэм өөрөө хүмүүсээ залхуу болгож байна. Хүмүүс нь ажиллах сонирхолгүй, ажлын ачаалал даах чадваргүй, үг сонсож чадахгүй болсон байна. Бид өөрсдийн үеэрээ бахдаж бахархаж байна. Маш их эрч хүчтэй ажиллаж амьдарч, урагшаа тэмүүлж иржээ. Одоо ч эрч хүч буураагүй зүтгэсээр л явна шүү дээ. Соц нийгмийн үед хүн бүхэн л ажилтай байлаа. Одоо бол ажилгүй хүн олон байна. Нийгмээ муулж байгаа юм биш шүү. Арай л биш байна. Хувцас бурхан бие чөтгөр гэдэг. Сайхан хийцтэй, оёдол сайтай хувцас өмсөөд явахад ямарч биетэй хүн гоё сайхан харагддаг. Би өөрийгөө буянтай гоё ажил хийж байна, олон хүнд буян болж байна гэж боддог. Дахин хэлэхэд ажиллах хүчийг л бий болгомоор байна. Аль ч үйлдвэр ажиллах хүчээр дутаж байна. Үүнийг л төр засаг маань бодлогоор зохицуулж өгмөөр байгаа юм. Ажиллах хүч байхгүйгээс олон ажил олгогч дампуурч байна. Ганц хүн айл болохгүй гэдэг шүү дээ.

-Манай улсад мэргэжилтэй ажилчин бэлтгэдэг МСҮТ гээд сайхан сургуулиуд байдаг. Манай Сэлэнгэ аймагт хоёр ч МСҮТ байна. Эндээс та мэргэжлийн оёдолчин авах талаар хандаж үзэв үү?

-Би ажилчин олж авахын тулд МСҮТ-д хүртэл хандаж үзсэн. Үнэхээр мэргэжилтэй ажилчин бэлтгэх гэдэг бол ачир дээрээ худлаа юм шиг санагдсан.  Би бүр очиж уулзаж, сурч байгаа хүүхдүүдийг нь үйлдвэртээ авчирч дадлага хийлгэж, ажиллуулж байсан. Тэндээс үнэхээр сэтгэлтэй, жинхэнэ мэргэжлийн ажилчин гардаггүй. Төгсөж байгаа хүмүүс нь ихэвчлэн настай хүмүүс байдаг. Залуус нь төгсөөд өөр ажил хийнэ, өөр чиглэлээр дахин сурна гэдэг. Яг ачир дээрээ тэнд зүгээр мөнгө авах төдий л хүмүүс суудаг юм шиг санагдсан.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.  

 

相关新闻