Байгаль хамгаалагчдын тоог нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-08-25 14:27:13

Баянхонгор /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Н.Уртнасан цөлжилт нэн хүндэрсэн найман аймагт ажиллаж байгаагийн нэг нь Баянхонгор аймаг.  Сайд мөн үеэрээ Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ажил байдалтай танилцаж, зарим асуудлыг  шийдвэрлэлээ.

Тус хамгаалалтын захиргааны тулгамдсан асуудал болох байрны төсөл, төлөвлөгөөг эдийн засгийн тооцоонд үндэслэн судлах, байгаль хамгаалагчдын байрыг 4 цэгт байгуулахдаа санхүүжилтийг төсөвт дарамт үүсгэхгүй, бүс нутагт хэрэгжиж буй олон улсын төслийн санхүүжилтээр шийдэхээр болов. Мөн цөлжилтийг сааруулах, уул уурхайн нөхөн сэргээлт хийхээр говийн бүсэд хамгаалалтын захиргаанаас 500 заг тарьсан бөгөөд усалгааг бүрэн шийдээгүйгээс ургалт муу байгаа тул услалтын системийг шийдэх 15 сая төгрөгийг төслийн хөрөнгөөс гаргахаар болжээ.

Байгаль хамгаалагчдын өдөр тутмын хувцас хэрэглэл, хангамжийг үе шаттай сайжруулах, эхний ээлжид нэг фругон автомашин олгохоор болмон бол албан хэрэгцээнд 2016 онд хүлээн авсан компьютерыг сансрын зураглал шаардлагатай зөөврийн компьютероор солихоор болсон байна.

Түүнчлэн нэг байгаль хамгаалагч 130 мянган га талбай хариуцан орон тоо дутмаг байгааг анхаарч, 2024 он хүртэл орон тоог нэмэх, шаардлагатай санхүүжилтийг төсөвт тусгахаар тогтов. Тус хамгаалалтын захиргаанд хамрах газар нутагтайгаа харьцуулбал 4-5 байгаль хамгаалагч нэмэх шаардлагатай байгаа аж.

УИХ-ын 2020 оны 46 дугаар тогтоол "Зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай" хуулийн хэрэгжилтийг хангуулахыг чиглэл болгов. Мөн уул уурхай олборлолтоос үүссэн нөхөн сэргээх шаардлагатай 21 га талбайд техник, биологийн нөхөн сэргээлтийг боломжт хувилбараар шийдэх, ирэх оны төсөвт эн тэргүүнд шаардлагатай төсвийн задаргааг ирүүлэх, тусгай хамгаалалттай газар нутагт олгосон өмчлөх эрхийг цуцлах, малчидтай холбоотой асуудлыг хуульд нийцүүлэн судалж, шийдэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

相关新闻