Олон Улсын чанарын стандартыг аймгийн ИТХ, ЗДТГ-ын үйл ажиллагаанд нэвтрүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Ажлын алба, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд “Чанарын менежментийн
тогтолцооны ISO 9001:2015 стандарт, чанарын менежментийн тогтолцоог орон
нутгийн засаг захиргаанд хэрэглэх арга зүйн заавар ISO 18091:2020 стандарт”-ыг
нэвтрүүлэхээр боллоо.
Монгол Улсын
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын санаачилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман
улсын “Конрад–Аденуэр-Сан”-гийн санхүүжилтээр хэрэгжих энэхүү төсөлд үйл
ажиллагааны үр дүнгээрээ сүүлийн хоёр жил дараалан тэргүүлсэн Өвөрхангай
аймгийг загвар аймгаар сонгожээ.
Үүнтэй
холбогдуулан Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын Орон нутгийн удирдлага,
зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатраар ахлуулсан албаны хүмүүс энэ сарын
24-ний өдөр Өвөрхангай аймагт ажиллаж, төслийн зөвлөх үйлчилгээний нээлтэнд оролцлоо.
Энэ үеэр Олон Улсын стандартыг нэвтрүүлэхэд мэргэжлийн зөвлөмж, дэмжлэг үзүүлэх
“Менежмент ба ур чадварын хүрээлэн” төрийн бус байгууллагатай хамтран ажиллах
гэрээг аймгийн удирдлагуудтай байгуулав. Дээрх стандартыг
нэвтрүүлснээр орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагааг өндөр түвшинд
хүргэх, төр, иргэн хоорондын харилцаа уялдааг сайжруулахад тодорхой ахиц
дэвшлүүд гарах юм. Олон улсын чанарын стандарт нэвтрүүлэх ажил гурван жил
үргэлжилнэ.

