6500 гаруй сурагчид хичээлийн хоцрогдол үүссэн хэмээн үзэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-08-25 13:15:00

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Багш нарын бага хурал боллоо. Тус хуралд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан болон Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг, сумдын удирдлагууд, сургуулийн багш, захирлууд зэрэг 300 гаруй хүн оролцож, хичээлийн шинэ жилтэй холбогдуулан санал солилцлоо.

Ковид-19 цар тахлын улмаас хамгийн их хохирол амсаж буй салбар бол боловсролынхон бөгөөд өнгөрөгч хоёр оны хичээлийн жил нь багш, эцэг эх, сурагчдын хамтын ажиллагаа, хариуцлагыг өндөрсгөсөн амаргүй жилүүд байсныг хурлын үеэр онцолж байв.

Ерөнхий боловсролын суруулийн сурагчид нэг хичээлийн жилд танхимаар 165-180 хоног хичээллэдэг бол 2020 онд 75 өдөр буюу 45 орчим хувийг, 2021 онд 110 хоног буюу 62 хувийг зайнаас теле хичээлээр мэдлэг олж авсан байна. Теле хичээлийг аймгийн нийт сурагчдын 70 орчим хувь нь үзсэн бөгөөд 6500 гаруй сурагчид хичээлийн хоцрогдол үүссэн хэмээн үзэж байна.

Иймээс сургууль бүр өөрийн менежмент, аргазүйгээр сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгахад анхаарч, бүх хүчээ дайчлан ажиллана гэдэгт итгэж байгаагаа аймгийн Засаг дарга А.Ишдорж хурлын үеэр хэллээ.

Өвөрхангай аймгийн хэмжээнд 31 сургуульд 23271 сурагч, 48 цэцэрлэгт 8716 хүүхэд хүмүүжиж байгаа ба 2900 гаруй багш ажилтантай юм. Мөн цэцэрлэгт хамрагдалт 85.7, ЕБС-д хамрагдалт 92.8 хувьтай байна.

相关新闻