Шинэ Зеланд орон даяар тогтоосон хөл хорионы дэглэмээ дөрвөн хоногоор сунгалаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ВЕЛЛИНГТОН. /Anadolu/. Шинэ Зеландын Засгийн газар улсын хэмжээнд тогтоогоод буй "COVID-19" халдвартай тэмцэх хөл хорионы дэглэмээ энэ сарын 27-ныг хүртэл сунгалаа гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ.
Тодруулбал, Ерөнхий сайд Жасинда Ардерн дөрөвдүгээр түвшний хөл хорионы дэглэмийг дахин дөрвөн өдрөөр сунгах Засгийн газрын шийдвэрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ мэдэгдсэн байна. Харин томоохон хот болох Оклендэд хөл хорионы дэглэм энэ сарын 31-нийг хүртэл хэрэгжихээр болжээ.
"Халдварын “Дельта” хувилбар “тоглоомын дүрэм”-ийг өөрчилж байгаа учраас бид ч мөн арга барилаа өөрчилж байна. Цаашид анхааруулгын түвшинг чангатгаж, ойрын хавьтлыг илрүүлэх ажлаа өргөжүүлж, амны хаалт зүүх журмыг чангаруулж, илүү олон хүнийг шинжилгээнд хамруулна" гэж Ж.Ардерны хэлснийг “Radio New Zealand” радио уламжилжээ.
Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужаас өнгөрсөн долоо хоногт Шинэ Зеландад ирсэн нэгэн аялагчаас хурдан халдварладаг “Дельта” хувилбар илэрсэн нь улсын хэмжээнд бүртгэгдсэн уг хувилбарын анхны тохиолдол болсон юм. Ийнхүү энэ оны хоёрдугаар сараас хойш дотоодод халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэний дараа Шинэ Зеландын эрх баригчид өнгөрсөн мягмар гарагт улсын хэмжээнд дөрөвдүгээр түвшний хөл хорионы дэглэмийг хэрэгжүүлж эхэлжээ.
Мөн эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу тус улсын парламентын хуралдааныг долоо хоногийн хугацаагаар түр зогсоосон байна. Хөл хорионы дэглэм тогтоосон үед иргэд гэртээ байх ёстой бөгөөд супермаркет, эмийн сан зэрэг зайлшгүй шаардлагатай үйлчилгээний газруудаас бусад бизнес, ААН-үүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.
Өнгөрсөн есдүгээр сард Шинэ Зеланд улсын хэмжээнд бүх хязгаарлалтын дэглэмээ цуцалж, долоон сарын хугацаанд халдварын шинэ тохиолдол илрээгүй байсан хэдий ч сүүлийн 24 цагийн хугацаанд Окленд, Веллингтон хотoд халдварын 38 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
Цар тахал 2020 онд дэгдсэж эхэлснээс хойш таван сая орчим хүн амтай тус улсад 3054 тохиолдол илэрч, халдварын улмаас 26 хүн нас баржээ. Одоогоор Шинэ Зеландын 1.7 сая гаруй хүн вакцины эхний тунгаа хийлгэсэн бол нэг сая гаруй хүн вакцинд бүрэн хамрагдсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна.