Коронавирусний гарал үүслийн талаарх АНУ-ын тусгай албаны тайлан өнөөдөр бэлэн болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ВАШИНГТОН. /TASS/. Коронавирусний гарал үүслийн шалтгааныг судалсан АНУ-ын тусгай албаны тайланг наймдугаар сарын 24-нд бэлэн болгож, Ерөнхийлөгч Жо Байденд танилцуулна гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ.
Харин нууцын зэрэглэлээс гаргасан хувилбарыг бэлтгэхэд дахиад хэдэн өдөр шаардлагатай тул хэд хоногийн дараа олон нийтэд танилцуулах аж.
"Нууцын зэрэглэлээс гаргасан хувилбарыг олон нийтэд танилцуулахын тулд ихэвчлэн хэдэн өдөр шаардагддаг. Мэдээж хэрэг, олж мэдсэн бүх зүйлийн талаар хамгийн түрүүнд Ерөнхийлөгчид мэдээлэл өгнө. Олон нийтэд танилцуулах хувилбарыг яг хэзээ нийтлэхийг би мэдэхгүй байна. Гэхдээ наймдугаар сарын 24-нөөс хойш нийтэлнэ гэж бодож байна” гэж Псаки хэлжээ. Тэрбээр мөн энэхүү нууцын зэрэглэлээс гаргасан хувилбарыг яг ямар хэлбэрээр танилцуулахыг одоогоор хэлж чадахгүй байгаагаа нэмж хэлжээ.
Америкийн тагнуулын албанынхан коронавирусний гарал үүслийг хоёр сар гаруй хугацаанд судалсныхаа дараа уг вирусийг лабораторийн аргаар гарган авсан эсвэл байгалийн жамаар бий болсон уу гэдэг асуудлаар одоог хүртэл нэгдсэн дүгнэлтэд хүрч чадаагүй байна гэж CNN телевиз наймдугаар сарын дундуур эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ Тайлангийн одоогийн хувилбар нь "өмнөх тайлангаас ялгараад байх зүйл байхгүй" гэж эх сурвалжуудын нэг тэмдэглэсэн байна.