Тоглоом үйлдвэрлэгчид дахин боловсруулсан хуванцрыг сонгож байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО. /NHK/. Тоглоом үйлдвэрлэхэд асар их хэмжээний хуванцар
шаардлагатай байдгийг харгалзан энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд байгаль орчинд сөрөг
нөлөөтэй хаягдлын хэмжээг бууруулахыг эрмэлзэн дахин боловсруулсан материалыг хэрэглэж
эхэлжээ.
Барби хүүхэлдэйгээрээ олон нийтэд танигдсан АНУ-д төвтэй “Mattel” компанийн хувьд шинэ тоглоомуудынхаа хувцас, гоёл чимэглэл зэргийг далайгаас түүсэн хуванцрыг дахин боловсруулсан материалаар хийжээ. Мөн эдгээр тоглоом нь хуванцар бус цаасан баглаа боодолтой юм.
“Барби далай
тэнгист хайртай” хэмээн нэрлэсэн эдгээр тоглоомыг Японд худалдан авах боломжтой
болжээ. “Бид 2030 он гэхэд бүх бүтээгдэхүүн, баглаа боодлоо дахин боловсруулсан
юм уу байгальд ээлтэй бусад материалаар үйлдвэрлэх зорилт тавиад байна” гэж “Mattel
International” компани мэдэгджээ.
Тус компанийн
төлөөлөгч Кобаяши Михогийн хэлснээр, “Шинэ хүүхэлдэйнүүд байгаль орчинтой
холбоотой асуудлуудын талаар тунгаан бодох, бусадтай ярилцах боломжийг хүүхдүүдэд бүрдүүлж өгнө”.
Мөн Данийн “Lego” групп хуванцар бүтээгдэхүүндээ дахин боловсруулсан хуванцар савнуудыг ашиглах боломжийг судалж байна. Тус компани ийм легонуудынхаа анхны загварыг зургаадугаар сард дэлгэн үзүүлээд, нэг литрийн сав нь дунджаар 10 лего болох тооцоог танилцуулжээ.
“Lego” компанийн хувьд бүх бүтээгдэхүүнээ
хуванцар сав юм уу ургамлаас гарган авсан материалаар үйлдвэрлэхээр төлөвлөж
байгаа ажээ.