Ахмадын хороо “Архигүй амьдралыг цогцлооё” аянд нэгдэж, уриалга гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-08-17 21:50:02
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Ахмадын хороо “Архигүй амьдралыг цогцлооё” аянд нэгдэж,  архинаас татгалзах уриалга гаргалаа.

ЭМЯ “Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Архигүй амьдралыг цогцлооё” аяныг гурван сарын хугацаанд зохион байгуулж байгаа юм.

Архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, эрүүл мэнд, эдийн засагт нөлөөлөх сөрөг үр дагаврыг таниулах, аймаг, орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилготой тус аян 2021 оны 7 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1-ний хооронд  үргэлжилж байна.

Монголын ард түмэн эрт үеэс архийг идээний дээж хэмээн хүндэтгэж ирсэн боловч хүн бүр, ялангуяа өсвөр залуусыг хэрэглэхийг цээрлэж, цэвэр ариун ёс суртахуунаар үлгэр дууриалал болж ирсэн уламжлалтай.

Ахмадын хороо уриалгадаа "Дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тамшааж амс, жар хүрээд жаргаж уу” гэсэн сургаал үг байдаг билээ. Эзэн Богд Чингис хаан "Эзэн хаан архинд автвал төр бүрнээ алдмой. Сайд түшмэл архинд автвал засаг дүрэм саармой” гэж сургаж байсан уламжлал, ёс заншил бүрнээ алдагдаж байгаад эмзэглэхгүй байхын аргагүй билээ.

Бид бүхэн эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлж архидалттай хүчээ нэгтгэн  нэгдмэл бодлого чиглэлтэй тэмцэж, нийгэм, хамт олны ёс суртахуун,  сэтгэл зүй, амьдралын хэв маягийг өөрчилж, "Архигүй хамт олон” болох нь нийгмийн ухамсарт үйл хэрэгт томоохон хувь нэмэр болох юм.

Бүх байгууллага, хамт олон аливаа тэмдэглэлт ой, баяр ёслол, уулзалт, үдэшлэгийг архигүйгээр тэмдэглэх шийдвэр гаргаж, хэвшүүлэх, архины эсрэг "Архигүй хамт олон” уриа бүхий аян өрнүүлж, бидэнтэй нэгдэж, хамтран ажиллахыг бүх шатны байгууллагад хандан уриалж байна” гэжээ. 

相关新闻