Говь-Алтай аймаг байгуулагдсаны баяр эхэллээ

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2021-08-14 13:26:34

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Говь-Алтай аймгийн баярын нээлтийн үйл ажиллагаа өргөн дэлгэр боллоо. 


Дэлхий нийтэд тархсан цар тахалтай холбогдуулан Говь-Алтай аймгийн баяр энэ жил үзэгчгүйгээр зохион байгуулагдаж буй бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд баярын үйл ажиллагааг шууд дамжуулж байгаа юм. 

Тус аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар наадамчин олонд хандсан мэндийн үгээр баярын үйл ажиллагаа эхэлж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган Алтай нутгийнхаа хүндэтгэлийг хүлээсэн салбар салбарын эрхмүүд төрийн хүндэт далбаа, аймгийн тугаа мандуулснаар үргэлжиллээ. Мөн үеэр хүчит бөхчүүд үнэнч шудрагаар барилдана гэдгээ үзэгч олондоо тангарагласнаараа онцлогтой байлаа. Баярын нээлтэд Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын 45 уран бүтээлч оролцож үзэгч олонд ая дууныхаа дээжээс хүргэв. Түүнчлэн эрхэлсэн ажилдаа эзэн болж, хийсэн бүтээснээрээ ард түмнийхээ хүндлэлийг хүлээсэн зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа.  Ийнхүү Алтай нутгийн баяр хурдан морьдын уралдаан, сур, шагайн харваа, хүчит бөхийн барилдаанаар үргэлжилж байна.