Чөлөөт бүс байгуулах тухай хуулийн төсөл боловсруулах талаар үүрэг өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-08-13 18:22:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөшигийн нисэх онгоцны буудал дагасан шинэ суурьшлын бүс байгуулах ажил эхэлсэнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр тус суурьшлын бүс байгуулах ажлын хэсэг, холбогдох яамдын албан тушаалтнууд болон Эдийн засгийн байнгын хорооны дарга, ажлын багийн ахлагч Ж.Ганбаатар нартай уулзлаа.


УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ энэхүү суурьшлийн бүсийг эхнээс нь зөв зохион байгуулалтай бүтээн байгуулалт хийснээр Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хоёр дахин нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, замын түгжрэлийг бууруулах зэрэг олон тулгамдсан асуудлыг шийдэх боломжтой юм. Тиймээс УИХ-ын зүгээс бодлогоор Хөшигтийн нисэх буудлыг  дагасан шинэ суурьшлийн бүсэд чөлөөт бүс байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Санхүүгийн чөлөөт бүсийг байгуулснаар Монгол Улсын эдийн засгийн сэргэлт хоёр дахин нэмэгдэх боломж харагдаж байна. Төр, хамтын ажиллагааг дэмжих, аж ахуйн нэгж иргэдийг бизнесийн үйл ажиллагааг татвараас чөлөөлөх, ипотекийн зээлийн хүүг бууруулах зэрэг цогц арга хэмжээг авах хэрэгтэйг онцоллоо.


Эдийн засгийн байнгын хорооны дарга, ажлын багийн ахлагч Ж.Ганбаатар нисэх буудалд ажиллаж буй ажилчдын орон сууцны асуудал, мөн зочид буудал зэргийг эхний ээлжид шийдэх талаар саналаа хэлэв. Цэвэрлэх байгууламж, усан хангамж, дулааны асуудлуудыг ойрын үед зургийг гарган ажиллах, бүтээн байгуулалтуудад хувийн хэвшлийг түшиглэн хурдан шуурхай, чанартай хийх нь чухал гэв.


УИХ-ын дарга Г.Занданшатар стандартыг чанд баримталж байж зөв зохион байгуулалт, уялдаатай, эмх цэгцтэй хөгжлийн баримжааг буй болгох учиртай. Тиймээс Хөшигтийн хөндийг дагасан шинэ суурьшлийн бүсэд чөлөөт бүс байгуулахад УИХ-ын зүгээс бодлогын төвшинд анхаарч Чөлөөт бүс байгуулах тухай хуулийн төслийг боловсруулах талаар үүрэг өглөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

相关新闻