Л.Энх-Амгалан: “Үдийн цай”-г “Үдийн хоол” болгосноор боловсролын чанарт ч дэвшил гарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн зочилж, “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгох бэлтгэл ажилтай танилцсан юм.
УИХ-аас 2019 онд баталсан Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон, санхүүжилтийг нэмэхээр тусгасан. Энэ хүрээнд Засгийн газрын энэ сарын арван нэгний хуралдаанаар “Үдийн цай” хөтөлбөрийг албан ёсоор “Үдийн хоол” болгож 1-5 дугаар ангийн нэг хүүхдэд ногдох зардал 900 төгрөг байсныг 1500 болгон нэмсэн юм. Харин 6-9 дүгээр ангийн үдийн хоолны зардлыг 2022 оны есдүгээр сарын 1-нээс, 10-12 дугаар ангийн хүүхдийн хоолны зардлыг 2023 оноос нэмэхээр болсон.
“Үдийн хоол” хөтөлбөрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, “Өмнө нь “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжиж байхад ихэнх сургууль түрээсийн цайны газартай байсан. Ингэснээр цайны газар нь түрээсийн төлбөр, ашиг, ажилтнуудын цалин зэргийг харгалзан тооцдог байсны улмаас нэг хүүхдэд ногдох 900 төгрөгийн 400 нь цайны газарт, 500 төгрөг нь яг хүүхдэд үдийн цай болж хүрдэг байлаа. Харин энэ жилээс эхлэн гурван жилийн хугацаанд түрээсийн гал тогоог сургуулийн цайны газар болгох бөгөөд ингэснээр “Үдийн хоол”-ны 1500 төгрөг хүүхдэд 100 хувь зарцуулах боломж бүрдэж байгаа юм. Мөн уг хөтөлбөр хэрэгжсэнээр анхан шатны боловсруулалт хийсэн хүнсний бүтээгдэхүүн, хүнсний ногоо зэргийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс худалдаж авна. Ингэснээр аймаг, сумдад ын жижиг дунд бизнес хөгжих боломжийг ч дэмжих юм” гэлээ.
Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн үдийн хоолны зардлыг 2400 төгрөгөөр тогтоосон байна. Ингээд хүүхдэд өглөөний цай, үдийн хоол өгөхөд тусгай хэрэгцээт сургуулийн сурагчийн IQ оноо 8 хувиас өсөж, оюуны хурд 0.5 хувь, ой тогтоолт 2.3 хувиар нэмэгдсэн зэрэг эерэг үзүүлэлт гарсан гэдгийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дурдлаа. Тэрбээр, “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд явуулсан судалгаагаар хүүхдүүдийн 16.8 хувь нь өглөөний цай тогтмол уудаг бол 41.7 хувь нь огт уудаггүй байна. Харин 26.1 нэг хувь нь хааяа уудаг нь бол 12.5 хувь нь өглөөний цай байдаггүй хэмээн хариулсан. Нийт хүүхдүүдийн олонх нь өглөөний цай уудаггүй тул хүүхдийн анхаарал сул байхаас гадна ой тогтоолт, эрүүл мэнд, хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс “Үдийн цай”-г “Үдийн хоол” болгосноор боловсролын чанарт ч ахиц гарна гэж харж байгаа” хэмээв.
“Үдийн хоол” хөтөлбөрийн хоолны зардалд энэ онд 58 тэрбум, 2022 онд 174 тэрбум, 2023 онд 240 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж. Үүнээс ирэх гурван жилд гадна гал тогоогүй 488 сургуулийг тоног төхөөрөмжөөр хангахад 22.4 тэрбум, 235 сургуульд засвар хийхэд 17.9 тэрбум төгрөг, 11 сургуульд хоолны газар барихад 6.6 тэрбум төгрөг, 23 сургуульд өргөтгөл барихад 2.5 тэрбум төгрөг шаардлагатай. Түүнчлэн хоол зүйч, тогооч, туслах ажилтнуудыг бэлтгэх аж.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Бид нэг хүүхдэд 900 төгрөг зарцуулдаг байсан бол энэ нь 1500 болж байна. Энэ хөтөлбөр хүүхэд хичээл сургуульдаа анхаарах, бие бялдрын хөгжилд нөлөө үзүүлдэг тул туйлын чухал ажил гэж олон улсын судлаачид үздэг” хэмээсэн юм.
Ташрамд дурдахад, Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид буюу 6-11 настай хүүхдийн 7.3 хувь нь өсөлтийн хоцрогдолтой, 2.2 хувь туранхай, 22.2 хувь нь илүүдэл жинтэй, 6.4 хувь нь таргалалттай, 6.7 хувь нь иодын дутагдалтай гэсэн судалгаа гарсан байна.