БШУЯ, КОЙКА хамтран боловсролын салбарт томоохон гурван төсөл хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУЯ, Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага /KOICA/ 2022-2027 онд томоохон гурван төслийг хамтран хэрэгжүүлнэ.
Тодруулбал, ШУТИС-д 5 сая ам.доллароор Хот төлөвлөлт, инженерийн тэнхим байгуулах, хот байгуулалтын салбарын боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, мөн 5 сая ам.доллароор ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн холбоо уялдааг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, 8 сая ам доллароор ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлэх аж.
Энэ тухай болон багш
нарыг чадавхжуулах, дахин сургах чиглэлд хамтран ажиллах талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд БНСУ-аас
Монгол Улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзах үеэр ярилцлаа.
Монгол Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллаж байгаа 12 мянган багш бий. Тэднийг богино хугацааны сургалтад хамруулах, цэцэрлэгийн багш бэлтгэх тогтолцоог сайжруулах, цэцэрлэгийн багш бэлтгэдэг сургуулийн багш нарыг тэтгэлэгт хөтөлбөрөөр магистр, докторын сургалтад хамруулах хэрэгцээ шаардлага байгаа.
Шинжлэх ухааны салбарын залуу эрдэмтэн, судлаачдыг БНСУ-ын эрдэм шинжилгээний байгууллагад богино хугацаагаар мэргэшүүлэх, солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, биотехнологи, нано технологи, хиймэл оюун ухааныг хөгжүүлэх зорилгоор КОЙКА-аас технологи-инновацийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ, сайн дурын мэргэжилтэн авч ажиллуулах талаар ч санал солилцлоо.
Цар тахлын үед боловсролын салбараа цахимжуулсан БНСУ-ын туршлагыг Монголын хөрсөнд буулган нутагшуулах хүсэлтэй байгаагаа сайд Л.Энх-АМгалан нэмж хэлэв.