Ажил хайж буй иргэд, оюутнуудыг ургац хураалтад ажиллуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ургац хураалтын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан байна.
Энэ жил ургац хураалт өмнөх жилүүдээс илүү байх төлөвтэй байгааг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээллээ. Тэрбээр, “Энэ онд цар тахлын хөл хорионы үед хаврын тарайлалтын технологийн ажлыг эхлүүлсэн ч тариаланчид идэвхтэй ажиллаа. Монгол Улс 616 мянга га талбайд тариалалт хийсний 416.8 мянгад нь улаанбуудай тарьсан юм. Мөн 19.1 мянган га талбайд төмс, 9.4 мянган га-д хүнсний ногоо, 86.4 мянган га-д тосны ургамал, 4.7 мянган га талбайд жимс жимсгэнэ тариалсан. Тариалангийн явцтай танилцахад соёололт болон тариалах технологи 90 хувийн онц гэсэн дүнтэй гарсан. Одоо ургац хураалтад тулгамдаж байгаа гол асуудал бол улсын болон орон нутгийн автозамын эвдрэл юм. Тиймээс тогтоолд ургацыг саадгүй тээвэрлэх, замын асуудлыг шийдвэрлэх чиглэлийг тусгасан. Түүнчлэн их, дээд сургууль болон МСҮТ-ийн оюутнууд, цэргийн алба хаагчид, ажил хайж буй иргэдийг ургац хураалтад ажиллуулахаар тогтоолд тусгасан. Ингэхдээ аж ахуйн нэгжүүд тухайн иргэнтэй гэрээ байгуулах юм” гэлээ.
Ташрамд дурдахад, аж ахуйн нэгж дунджаар 50 мянган төгрөгийн цалин өгдөг байна.