НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы II хорооны Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-07 16:25:37

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Хоёрдугаар хорооны Ерөнхий санал шүүмжлэл “2030 он хүртэл таван жил үлдлээ: Тогтвортой хөгжлийн төлөөх олон талт шийдлүүд” сэдвийн дор энэ сарын 6-нд эхлэв.


Бүгд хуралдааныг Хорооны дарга Гамби Улсын Байнгын төлөөлөгч Ламин Дибба даргалж, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ли Жинхуа нээж үг хэлэв. Ерөнхий санал шүүмжлэлд 120 гаруй НҮБ-ын бүлэг болон гишүүн орнууд, олон улсын болон иргэний нийгмийн байгууллага үг хэлж, байр сууриа илэрхийлж байна.


Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр Ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үгэндээ “Севилъягийн үүрэг амлалт” баримт бичгийн нэгэн чухал зорилт болох нэмэлт болон шинэлэг санхүүгийн эх үүсвэрийг бий болгох, ашиглах боломжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд олон улсын бонд болон санхүүгийн хэрэгслүүдийг хөгжиж буй орнуудын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, зардлыг бууруулах, урт хугацааны тогтвортой хөгжлийн зорилгод чиглүүлэх шаардлагатай талаар онцлон тэмдэглэв.


Мөн тэрбээр Монгол Улсын дэлхий нийтийн уур амьсгалын өөрчлөлт болон цөлжилттэй тэмцэх үйл хэрэгт оруулж буй хувь нэмэр, тэр дундаа Улаанбаатар хотноо 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал болон манай улсын шинэчилсэн үндэсний тодорхойлсон хувь нэмрийн талаар онцолсны зэрэгцээ бүс нутаг, олон улсад сайн жишээд тооцогдохуйц “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Шинэ хоршоо” хөдөлгөөн, “Цагаан алт” хөтөлбөрийн талаар танилцуулав.

相关新闻