Замын хөдөлгөөнд зөрчил гаргаагүй иргэдэд хамгаалах малгай өгч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Зөрчилгүй хөдөлгөөнд оролцож байгаа иргэдэд мотоциклын хамгаалах малгай үнэ төлбөргүй өгч байна.
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газраас “Ирээдүйгээ хамгаалъя” уриатайгаар “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл-2021” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ ажлынхаа хүрээнд зөрчилгүй хөдөлгөөнд оролцдог иргэдэд мотоциклын хамгаалах малгайг үнэ төлбөргүй олгох ажлыг эхлүүлээд байна гэж Цагдаагийн газраас мэдээллээ. Энэ сарын 10-ны өдөр Цагдаагийн газраас /халдвар хамгааллын дэглэмийг сахиулан/ Даланзадгад сумын Захирагчийн ажлын албаны ажилтан, албан хаагчдад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сэдвээр сургалт зохион байгуулсан байна. Энэ үеэр бичиг баримтын зөрчилгүй, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хариуцлагатайгаар хөдөлгөөнд оролцдог ажилчдад хамгаалах малгай тараах ажлыг зохион байгуулжээ. Уг арга хэмжээ 10 сар хүртэл үргэлжлэх юм байна.