Нийслэлд 16 бага сургууль, цэцэрлэгийн барилгын ажил зогсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-08-06 19:31:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны хамтарсан ажлын баг өнөөдөр Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж буй оловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа.


Тус ажлын баг боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийх төсөл, худалдан авах ажиллагааны явцтай танилцан, шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэгтэй юм.


Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотын алслагдсан гэр хорооллын бүсэд буюу сургууль, цэцэрлэггүй хороодод тус бүр нь 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар төлөвлөн 16 байршилд ажил нь эхэлсэн. Гэвч концессийн жагсаалт 2019 онд Засгийн газрын тогтоолоор хүчингүй болсноор эдгээр төсөл зогссон байна. 


БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан, "Эдгээр төсөл толгой компанийн гэрээ цуцлагдсанаар туслан гүйцэтгэгч компаниуд ажлаа хэрхэн үргэлжлүүлэх нь тодорхойгүй болсон. Концессийн жагсаалтыг хүчингүй болгохдоо цаашид санхүүжилтийг  орон нутгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхээр Засгийн газрын газраас чиглэл гарсан. Гэвч тэгж шийдвэрлэх бололцоогүй гэдэг асуудлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас  Боловсрол, шинжлэх ухааны яаманд тавьж байгаа" хэмээн ажлын багт танилцуулав.


Эдгээр 16 төслөөс ганцхан Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хорооны бага сургууль, цэцэрлэгийн барилгын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн болсон, улс худалдаж авах асуудал хүлээгдэж байна. Бусад 15 байршлын төслийн ажил 5-20 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Бүгдийнх нь газрын гэрчилгээ нь Нийслэлийн боловсролын газрын нэр дээр гарсан бөгөөд төсөв нь шийдэгдвэл гүйцэтгэгч компаниуд нь барьж дуусгах боломжтой. Төсөвт өртөг нь цар тахлаас шалтгаалсан барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор нэмэгдэх гол хүндрэл үүснэ хэмээн тооцож буй бөгөөд одоогоор нэг төсөлд 4.5-4.8 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай тооцоо гарсан байна.


Тус ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, "Эдгээр төсөл хүн амын нягтрал өндөртэй, сургууль, цэцэрлэггүй чухал шаардлагатай газраа хэрэгжиж байна. Хөрөнгө оруулалтыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай. Цаашид бараа материалын үнэ өссөөр байвал төсөвт өртөг нь бүр л нэмэгдэнэ. Энэ ажлууд зогссоноор иргэд, хүүхдүүд, хөрөнгө мөнгөө гаргаад ажил эхэлсэн гүйцэтгэгч компаниуд ч хохирогч болж байна. Цаашид эдгээр төслийг яаж явуулж, хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх талаар ажлын баг Байнгын хороодын хамтарсан тогтоолын төсөлд санал, дүгнэлтээ оруулна" хэмээв. 


Ажлын багийн гишүүн, УИХ-ын гишүүн П.Анужин, "Сургууль, цэцэрлэгийн барилгыг анхнаас нь концессоор явуулах нь зөв байсан уу гэдгийг эргэж харах шаардлагатай юм байна. Ингээд сэглээд  хаячихсаны хариуцлагыг хэн үүрэх вэ. Цаашид энэ төслийг хэн хариуцаж, яаж  явуулах вэ гэдгийг иргэд харж, хүлээж байгаа. Одоо шинэ бүтээн байгуулалт хийхдээ гол нь биш. Эхлүүлсэн ажлаа санал нэгтэйгээр бүрэн гүйцэд дуусгах нь нэн тэргүүний зорилт. Улсын төсвөөр ажил нь үргэлжлэх нь тодорхой байх. Энэ бүтээн байгуулалтуудын хөрөнгө оруулалтыг болж өгвөл ирэх оны төсөвт суулгахаас өөр гарцгүй" гэлээ.

相关新闻