БНАСАУ-тай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх чиглэлд гаргах хүчин чармайлтын талаар хэлэлцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ, АНУ-ын дипломатчид БНАСАУ-тай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх чиглэлд гаргах хамтын хүчин чармайлтын талаар Вашингтон хотноо хэлэлцлээ гэж БНСУ-ын Гадаад хэргийн яам пүрэв гарагт мэдээлжээ.
Пёньян өнгөрсөн
долоо хоногт Солонгос хоорондын харилцаа холбооны шугамуудыг сэргээсэн нь
цөмийн хэлэлцээг үргэлжлүүлэх найдлага төрүүлээд буй энэ үед БНСУ-ын Гадаад
хэргийн яамны Солонгосын хойгийн асуудал хариуцсан товчооны дарга Рим Кап Су,
БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгчийн орлогч Жун Пак нар уулзжээ.
“Талууд Солонгосын
хойгт энх тайвныг цогцлоох үйл явцад дорвитой ахиц дэвшил гаргах, БНСУ,
БНАСАУ-ын хооронд, БНАСАУ-АНУ-ын хоорондын яриа хэлэлцээг аль болох ойрын
хугацаанд үргэлжлүүлэх нь ач холбогдолтой болохыг дахин нотоллоо” гэж яамны
мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.
Мөн БНАСАУ-АНУ-ын
хэлэлцээ болон Солонгосын хоорондын харилцааг ахиулах арга замуудын талаар
бодитой, нягт нямбай хэлэлцүүлэг өрнүүлсэн гэдгийг дурдсан байна.
Хоёр Солонгос
харилцаа холбооны шугамуудаа долоодугаар сарын 27-нд буюу БНСУ-ын идэвхтнүүдийг
Пёньяны эсрэг суртал ухуулгын хуудас хил дамнуулан илгээснийг эсэргүүцэн БНАСАУ тасалснаас хойш 13 сарын дараа эргэн сэргээсэн юм. Түүнээс хойш Сөүл АНУ тэргүүтэй бусад холбогдох орнуудтай дипломат ажиллагаагаа идэвхжүүлжээ.