АНУ, Канадын худалдааны хэлэлцээг зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-06-28 18:22:10

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 28 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Канад улстай хийж буй худалдааны хэлэлцээг “даруй зогсоох” шийдвэр гаргаснаа баасан гарагт мэдэгджээ. 


Тэрбээр ийм шийдвэр гаргах болсны шалтгаанаар Америкийн технологийн компаниудад ногдуулсан Канадын татварыг дурдаад, уг татварыг АНУ-ыг чиглэсэн “илэрхий дайралт” гэж мэдэгдсэн байна. 


"Энэ бүдүүлэг татварыг харгалзан бид Канадын талтай хийж буй худалдааны бүх хэлэлцээг нэн даруй зогсоож байна. АНУ-тай бизнес эрхлэхэд төлөх тарифын талаар бид Канадын талд ирэх 7 хоногийн дотор мэдээлэх болно" гэж Д.Трамп “Truth Social” нийгмийн сүлжээнд бичжээ.


"Amazon", "Google", "Uber", "Airbnb" зэрэг технологийн компаниудад ногдуулах татварын тухай шинэ хууль зургаадугаар сарын 30-наас Канад улсад хэрэгжиж эхэлнэ. Энэхүү хуулийн дагуу Америкийн компаниуд Канадын хэрэглэгчдэд үзүүлсэн дижитал үйлчилгээнийхээ орлогын 3 хувийг татвар хэлбэрээр төлөх ёстой. Ийм татварын хэмжээ хэдэн тэрбум ам.доллароор хэмжигдэх юм. 


АНУ-ын засаг захиргаа энэ оны гуравдугаар сард ган, хөнгөн цагаан, автомашин зэрэг Канадын төрөл бүрийн бараанд 25 хувийн татвар ногдуулсан. Үүний хариуд Канадын тал АНУ-ын бараанд мөн адил 25 хувийн татвар ногдуулжээ.

相关新闻