Японы гурван мужид онцгой байдал тогтоож магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО. /NHK/. Японы Засгийн газар коронавирусний халдварын тохиолдлын тоо нэмэгдэх болсонтой холбогдуулан Токио хоттой зэргэлдээ оршдог гурван мужид онцгой байдал тогтоож магадгүй байна.
Лхагва гарагт
Сайтама, Чиба, Канагава мужид урьд бүртгэгдэж байгаагүй хамгийн олон халдварын
тохиолдлууд илэрчээ. Тодруулбал, Сайтамад 870, Чибад 577, Канагавад 1051 хүнээс шинээр халдвар илэрсэн байна. Эдгээр мужид одоогоор халдварын тархалттай тэмцэх
эрчимжүүлсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа юм.
Гурван мужийн захирагчид өнөөдөр нэгдсэн зөвшилцөлд хүрвэл онцгой байдал тогтоох хүсэлтийг төв Засгийн газарт хүргүүлэх ажээ. Коронавирустэй тэмцэх асуудал хариуцсан сайд Нишимүра Ясүтошигийн мэдээлснээр, ийм хүсэлтийг албан ёсоор ирүүлсэн тохиолдолд Засгийн газар яаралтай хэлэлцэж, шаардлагатай шийдвэрийг гаргана.
Ерөнхий сайд Сүга Ёшихидэ энэ талаар Н.Ясүтоши, Эрүүл мэндийн сайд Тамүра Норихиса нартай өнөөдөр хэлэлцэх төлөвтэй байна. Мөн Засгийн газар эмнэлгийн орны хүрэлцээ тэргүүтэй бусад үзүүлэлтүүдийг нарийвчлан судлах юм.
Үүний зэрэгцээ
саяхнаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо олноор нэмэгдсэний дийлэнх нь 40-50
насны хүмүүс байгаа тул Засгийн газрын зүгээс вакцинд хамрагдахыг тус бүлгийн
хүмүүст уриалж байна.
Мөн “COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүдэд саяхан зөвшөөрөл олгосон эмийг уулгаснаар эмнэлгийн ачаалал багасна гэж Засгийн газар найдаж байгаа ажээ.
Токиод мөн лхагва
гарагт халдварын хамгийн олон тохиолдол шинээр илэрсэн юм. Тус хотод долоодугаар
сарын 12-ноос дөрөв дэх удаагаа онцгой байдал тогтоогоод буй билээ.