Хариуцлагын гэрээ байгуулсны үндсэн дээр зарим байгууллагын үйл ажиллагааг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-07-21 18:09:37

Сэлэнгэ/МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын энэ сарын 20-ны өдрийн А/143 тоот захирамжаар зарим байгууллагатай хариуцлагын гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагааг нь нээхээр боллоо.

Тодруулбал уг захирамжийн хүрээнд согтууруулах ундаагаар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий паб, караоке, спорт заал, фитнес, иогийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагууд энэхүү хариуцлагын гэрээ байгуулсан байна.

Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн паб, караокег 16.00-00.00 цаг, спорт заал, иог, фитнесийг 08.00-20.00 цаг хүртэл ажиллуулахаар болжээ. Дээрх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх тусгай нөхцөл шаардлагыг хангаж, 14 хоногт нэг удаа мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйжүүлэлт хийхийг шаардаж байгаа юм. Иргэдийн зүгээс хувийн халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, дээрх байгууллагуудаар үйлчлүүлэхийг сумын Онцгой комиссоос анхаарууллаа. 

相关新闻