“Өндөр Гэгээний соёлын өв- 2021” уралдаанд 700 орчим бүтээл иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-07-16 17:17:04

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Энэ жил Өвөрхангай аймгийн түүхт 90 жилийн ой тохиож буй. Ойн хүрээнд олон бүтээлч санал санаачилгыг өрнүүлэн ажил хэрэг болгосны нэг нь “Өндөр Гэгээний соёлын өв- 2021” Олон улсын урлагийн наадам юм.

Өндөр гэгээн Занабазарын бүтээл туурвилыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулах, соёлын томоохон эвент болгох, шилдэг бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулах зорилготой тус уралдаанд  Монгол, Орос,  Солонгос, Хятад, Герман, Франц,  Турк, Македон, Косово, Кипр, Австри, Индонез, Казакстан, Перу зэрэг 15 улсын 230 гаруй уран бүтээлч 690 гаруй бүтээлээ ирүүлсэн байна.

“ОХУ-ын Саха Якутын улсын ардын зураач Петрол Гаврийл Гаврильевич, Бойтунов Дюлустан Афанасьевич, ОХУ-ын гавьяат зураач, Бүгд Найрамдах Саха Якут Улсын Гавьяат зураач Старостин Михаил Гаврильеви, Германы орчин үеийн урлагийн нэрт төлөөлөгч Марк Шмиц гэхчлэн дэлхий дахинаа нэртэй уран бүтээлчид өөрсдийн бүтээл туурвилаа ирүүлсэн нь наадмын цар хүрээ хэр өргөжиж, чанаржсаныг харуулж байна” хэмээн зохион байгуулагчид хэлж байв.

Хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа тус наадмыг энэ жил  уран зураг, монгол зураг, уран хатгамал, арьсан болон эсгий урлал, баримал, уран дархан, сийлбэр, өв уламжлагч, орчин үеийн урлаг гэсэн төрлөөр зохион байгуулж, 4-7 дугаар сар хүртэлх хугацаанд оролцогчдын бүтээл туурвилыг хүлээн авсан  байна.

相关新闻