Гол үерлэсний улмаас дахин нэг иргэн амиа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-07-08 13:07:48

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ сарын 4-ний өдөр үргэлжлэн орсон борооны улмаас Уянга сумын Бөөрөлжүүт багийн “Бөөрөлжүүт” гэдэг газар гол үерлэж, 34 настай эмэгтэй амиа алдсан байна.

Автомашин нь голын усанд суусны улмаас машинаасаа бууж, явганаар гол гаталж яваад живсэн гэх мэдээллийн дагуу сумын Цагдаагийн хэсэг, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 3 км зам туулан очиход дөрвөн зорчигчтой “Приус-20” загварын суудлын автомашин “Бөөрөлжүүт” голын усанд суусан бөгөөд иргэн П машинаасаа гарсны улмаас живж нас барсан байна. Уг явдлыг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

Мөн Хархорин сумын Орхон багийн “Бор-Үзүүр” гэдэг газар Орхон гол үерлэж зугаалж байсан хүмүүс автомашинтайгаа усанд боогдсон тухай дуудлагын дагуу Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид  шуурхай ажиллан Орхон голын салаанд зугаалж хоносон 8 хүн, 3 автомашиныг аюулгүй газарт татан гаргасан байна.

Тарагт сумын Их булаг багийн “Дунд гарам” гэдэг газар 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Т-ийн “Субару форестер” загварын суудлын автомашин усанд суусан байсныг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эсэн мэнд татан гаргажээ.

相关新闻