Робот техник зохион бүтээгч “Аравт” баг дэд байр эзлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-07-07 13:34:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “ABU- Robocon 2021″ тэмцээнд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Робот техник зохион бүтээгч "Аравт" баг дэд байрт шалгарлаа.

 

Ази Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо /Asia pacific Broadcasting Union/-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг гишүүн орнуудын оюутан залуусын хамтын ажиллагаа, бүтээлч сэтгэхүй, мэргэжлийн цогц чадамжийг нэмэгдүүлэх зорилготой “ABU-Robocon” /Robot contest/ тэмцээн 20 дахь жилдээ зохион байгуулж байна.

 

Тус холбооны гишүүн орнууд тэмцээнийг үе шаттай зохион байгуулж аварга багийг шалгаруулдаг уламжлалтай. Монгол Улсын “ABU-Robocon 2021” Үндэсний аварга шалгаруулах роботын тэмцээнийг МҮОНРТ, Үндэсний батлан хамгаалахын их сургууль хамтран зохион байгууллаа.

 

Тэмцээн энэ сарын сарын 02-ны өдөр ҮБХИС-ийн “Алтан-Илд” спорт цогцолборт цахим хэлбэрээр зохион байгуулжээ. Тэмцээнд аваргын төлөө ҮБХИС-ийн “Аравт” баг, ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн “Цахим алт” багууд таарч, өөрсдийн зохион бүтээсэн роботоороо дүрэмд заасан даалгаврыг гүйцэтгэж өрсөлдөв.

 

ҮБХИС-ийн “Аравт” баг дэд байрт шалгаран ҮБХИС-ийн 100 жилийн ойн босгон дээр бахархам амжилт үзүүллээ. “Аравт” багийн тухайд гэвэл, удирдагч багш, сонсогч, оюутнууд цэргийн ба тусгай зориулалтын робот техник зохион бүтээх чиглэлээр судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэдэг юм.

 

Энэ жилийн тэмцээний агуулга нь МЭӨ 770-476 оны үед Хятад улсад гадны улс орноос ирсэн гийчин зочидоо цэнгүүлэхээр “Саванд сум харвадаг” уламжлалт тоглоом тоглуулдаг байсан уламжлалаас сэдэвлэн дүрмийг боловсруулсан юм.

 

Тоглолт үргэлжлэх 3 минутын хугацаанд оюутан залуус хийж бүтээснийхээ үр шимийг харуулж, хөл хориотой, боломж нөхцөл хязгаарлагдмал байсан энэ хугацаанд залуус 6 сарын хугацаанд хичээнгүйлэн ажилласны үр дүнд өөрсдийн роботоор өрсөлдөж нөхөрсөг тоглолт хийжээ. Энэ жилийн Үндэсний аварга баг Монгол Улсаа төлөөлөн БНХАУ-ын Жумод болох Олон улсын Робокон тэмцээнд оролцох эрхийг авлаа.

 

“МҮОНРТ Робокон тэмцээнийг албан ёсны эрхтэй зохион байгуулж эхэлснээс хойш 6000 гаруй оюутан залуус оролцжээ. Энэ залуус өнөөдөр Монгол орны өнцөг булан бүрт мэргэшсэн шилдэг инженерүүд болон ажиллаж байгаа юм байна. “Аливаа улс орны хөгжлийн хөдөлгөгч хүч бол инженерүүд. Бид цаашдаа ч Робокон тэмцээнийг үргэлжлүүлэн хийсээр байх бөгөөд өөр олон төрлийн инженерийн салбарыг дэмжсэн нэвтрүүлгүүдээ нэмэгдүүлэхээр бодлогодоо тусган ажиллаж байна. Монгол улсын тогтвортой хөгжлийн бодлогын зорилтуудад инженерчлэлийн хөгжлийг тодорхой тусгасан бөгөөд үүнийг хэрэгжүүлэх, дэлгэрүүлэн хөгжүүлэхэд МҮОНРТ оройлон оролцоно” хэмээн тэмцээний үеэр зохион байгуулагчид онцоллоо.

相关新闻