Сурагч П.Анужин “Монгол төрийн цагдаа” дууны шүлэг зохиожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст-Алтай” цогцолбор сургуулийн 7г ангийн сурагч Пүрэвсүрэнгийн Анужин “Монгол төрийн цагдаа” дууны шүлэг зохиожээ.
Тус дууны
шүлгийг цагдаагийн
байгууллагын 100 жил, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын 95 жилийн ойд зориулжээ.
Тэрбээр энэхүү
бүтээлээрээ Ховд аймаг дахь Цагдаагийн газраас тавдугаар сард зохион байгуулсан
“Цагдаа” шүлгийн уралдаанд оролцож, тэргүүн байрт шалгарч байсан.
Иймээс сурагч
П.Анужин өөрийн бүтээлээ Ховд аймаг дахь
цагдаагийн газрын хамт олонд өнөөдөр хүлээлгэн өгч, ажлын амжилт хүслээ.
Сурагч П.Анужин нь хоёрдугаар ангид байхдаа шүлэг зохиож эхэлсэн бөгөөд
одоогоор өөрийн урын санд 13 шүлэгтэй.
Тэрбээр
Ховд аймгийн хэмжээнд зохион байгуулсан
“Ган үзэг” яруу найргийн уралдаанд 2018-2020 онд гурван удаа оролцож, хоёр удаа тэргүүн байр
(хошой), нэг
удаа тусгай байрт шалгарч байжээ.
МОНГОЛ
ТӨРИЙН ЦАГДАА
Ертөнц дэлхийг эзэгнэсэн хаан Чингисийн үрс
Есөн эрүү давсан харц Аюушийн үргэлжлэл
Зуун зуунаар дуурсагдах хатан зоригийн шалгуур
Цог золыг бадраагч Монгол хүмүүний хийморь
Цаг наргүй ажилтай Монгол төрийн цагдаа
Цадиг түүхэнд мөнхөрсөн цагаан шонхорын эзэд
Хариу нэхдэггүй ачтан хатуужил тэвчээрийн туйл
Хан хорвоод домогтой Монгол төрийн цагдаа
Газар нутгаа өмгөөлсөн Галдан бошигтын аархал
Гамин манжаас чөлөөлсөн жанжин Сүхийн залгамжлал
Амар амгаланг сахиулсан ард түмний хүүхдүүд
Ардчилсан төрдөө үнэлэгдсэн алтан мөрдөст баатрууд
Цаг наргүй ажилтай Монгол төрийн цагдаа
Цадиг түүхэнд мөнхөрсөн цагаан шонхорын эзэд
Хариу нэхдэггүй ачтан хатуужил тэвчээрийн туйл
Хан хорвоод домогтой Монгол төрийн цагдаа
Өргөсөн тангарагтаа үнэнч өвөг дээдсийн үргэлжлэл
Өнө мөнхөд орших Монгол төрийн цагдаа
Буяны мөртөө болохоор бурхан хүртэл мэднэ
Буурал түүхийн хуудсанд алтаар бичигдэж мөнхөрнө
Цаг наргүй ажилтай Монгол төрийн цагдаа
Цадиг түүхэнд мөнхөрсөн цагаан шонхорын эзэд
Хариу нэхдэггүй ачтан хатуужил тэвчээрийн туйл
Хан хорвоод домогтой Монгол төрийн цагдаа