Булган аймгийн ИТХ коронавирусний нөхцөл байдлыг сонсоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-07-06 10:30:47

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааныг энэ сарын 26-ны өдөр хуралдуулахаар товлоод байна. Аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг, нийтээр дагаж мөрдөх зарим журам батлахаас гадна коронавирусний халдварын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар сонсохоор төлөвлөлөө.

Коронавирусний халдварын тархалт нэмэгдэж, байгууллага, иргэд хязгаарлагдмал түвшинд ажиллах байгаа нөхцөлд авах хариу арга хэмжээ болон шаардлагатай зарим төсөв, хөрөнгө шийдэхийг “Эрүүл мэнд” дэд хөтөлбөр, аймгийн төсвийн тодотгол хийх асуудалтай уялдуулан зохицуулах бодлого баримталж байгаа талаар аймгийн ИТХ-ын Ажлын албанаас мэдэгдлээ.

Аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн IV хуралдаанаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэж дүгнэлт өгөхөөс гадна “Бэлчээрийн менежмент” хөтөлбөр, аймгийн хөгжлийн сангийн журам, аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн ёс зүйн дүрэм батлах тухай зэрэг арав гаруй асуудлаар шийдвэр гаргахаар төлөвлөсөн юм. Мөн тус аймагт сүүлийн дөрвөн жил хэрэгжиж байгаа 7,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай “Шинэ хөдөө-Булган” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэлэлцэх аж.

相关新闻