Үргэлжилсэн борооноор аянга бууж, хоёр иргэн амиа алдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-07-05 13:10:00

Өвөрхангай /МОНЦАМЭ/. 7 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн нийт нутгаар үргэлжилсэн бороо орсны улмаас хоёр хүний амь эндэж, найман хүн Орхон голын аралд усанд боогдсон байна.

Тодруулбал, Баян-Өндөр сумаас шатахуун аваад гэр лүүгээ буцаж явсан долоон иргэн Бумбат багийн “Хадан хушуу” гэдэг газар аянганд цохиулж, 21 настай Г, Ч нар амиа алджээ. Уг мэдээллийг сумын ЗДТГ-аас мөн өдрийн 19:11 цагт хүлээн авсан бөгөөд сумын Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлсэн байна.

Мөн Хархорин сумын Орхон багийн Ухны гацааны арал дээр 8 иргэн усанд боогдсон гэх дуудлагаар тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид шуурхай ажиллан зургаан том хүн, хоёр хүүхдийн амийг авран хамгаалжээ. А08 дугаартай Хархорин-Хужирт чиглэлийн авто замын Өлзийт голын гүүр үерийн усанд эвдэрч, далан сэтрэн, хавтан нурсан тул зорчих боломжгүй болсон байна.

Ойрын өдрүүдэд хур тунадас үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх, үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих, хүүхдийг хараа хяналтгүйгээр голын орчимд тоглуулахгүй, орхихгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

相关新闻