Шилдэг аймгийн гол шалгуур орон сууцны хотхон байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-07-03 20:26:02

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Сэлэнгэ аймаг “Шилдэг аймаг”-аар шалгарсан. Тус аймгийн тухайд хэд хэдэн томоохон амжилтыг үзүүлсний үндсэн дээр уг шагналыг хүртсэн байна. Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын шийдвэрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлсэн гэдэг нь нэн тэргүүний асуудал. Харин ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө, нутаг орныхоо хөгжил дэвшлийн төлөө чухам юу хийсэн бэ гэдэг бол маш өндөр шалгуур юм. Ингээд Сэлэнгэ аймгийн тухайд тодорхой ямар ажил үйлсээрээ дээрх шагнал хүртсэнийг тодруулан харуулья.

-Монгол Улсад анх удаа хүүгүй, урьдчилгаа төлбөргүй нөхцөлөөр орон сууцны хотхоныг барьж ашиглалтад орууллаа. Энэ нь төрийн албан хаагчдад санхүүгийн хамгийн таатай боломжийг бүрдүүлж, тохь тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн юм.

-Аж үйлдвэрийн салбарт 558.9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 642.7 тэрбум төгрөгийн борлуулалт хийв.

-Улсын хэрэгцээт үр тарианы 50 хувь буюу 177.9 мян.тн үр тариа, төмс хүнсний ногооны 40 хувь буюу 67.8 мянган тн төмс, хүнсний ногоог хураан авч, улс, аймгийнхаа хэрэгцээг хангалаа.

-175.1 км хатуу хучилттай авто зам, 14353 м2 зогсоолыг ашиглалтад оруулж, иргэдийн ажиллаж, амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүллээ.

-"Ковид-19" цар тахлын хэцүү үе байсан хэдий ч 2020 онд шинээр 1105 ажлын байр бий болгон иргэдийнхээ амьжиргааг дэмжин ажиллалаа.

-Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлэгч “Тариалангийн бүс нутаг” болох Сэлэнгэ аймаг 2020 онд эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжээ 649-д хүргэж, эрчимжсэн малын тоо толгойг 9.33 мянган толгойгоор нэмэгдүүллээ.

-Нийслэл Улаанбаатар хотод “Сэлэнгэ ургац” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, 3000 тн төмс, хүнсний ногоог борлуулан 1 тэрбум 150 сая төгрөгийн бодит орлогоор ногоочдоо дэмжлээ.

-Аймгийн хэмжээнд 94.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүллээ.

-2020 онд гэмт хэргийн гаралтыг өмнөх оныхоос 28.4 хувиар буурууллаа.

-Улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 107.8 хувиар биелүүлсэн зэрэг бодит, бүтээлч ажлуудаараа ийн шилдэг аймаг болжээ. 

相关新闻