Туркт хөл хорих цагийг цуцалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
АНТАЛЬЯ. /Anadolu/. Коронавирустэй тэмцэх ажлын хүрээнд 2020 оны 11 дүгээр сард Туркт тогтоосон хөл хорих цагийг пүрэв гарагт цуцаллаа.
Туркийн эрх баригчид эхэндээ хөл хорих цагийг зөвхөн амралтын өдрүүдэд хэрэгжүүлж байсан боловч ажлын өдрүүдэд шөнийн цагаар, амралтын өдрүүдэд гадагш гарахыг хэдэн сарын турш хориглохоос аргагүйд хүрчээ. Туркт хөл хорих цаг даваагаас бямба гараг хүртэл 22:00-05:00 цагийн хооронд, ням гарагт бүх өдрийн турш мөрдөгдөж байв. Чухам ийм хатуу арга хэмжээ авсны үр дүнд найман сарын дотор өдөрт илрэх коронавирусний халдварын тохиолдлын тоог 5-6 мянга хүртэл бууруулж чадсан гэж тус улсын эрх баригчид мэдэгджээ.
Үүнээс гадна, Туркийн Ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр, тус улсын төрийн байгууллагууд өнөөдрөөс эхлэн хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхлэх бөгөөд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих насны хязгаарлалтыг цуцалсан байна.
Туркт гэрээсээ бусад газарт амны хаалт зүүх, дэлгүүр, кафе, хоолны газар, төрийн байгууллагууд гэх зэрэг олон хүн цуглардаг газруудад QR кодоор нэвтрүүлэх шаардлага хэрэгжсэн хэвээр байгаа юм.
Тус улсад цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан нийт хүний тоо 5.420 сая давж, 49 687 өвчтөн нас баржээ.
Туркийн эрх баригчид нэгдүгээр сарын 14-ний өдрөөс Оросын "Спутник V", Хятадын “Sinovac Biotech” компанийн “CoronaVac”, мөн Pfizer/BioNTech-ийн вакцинуудаар хүн амаа дархлаажуулж эхэлсэн байна.
Одоогийн байдлаар 49 сая гаруй хүн вакцины эхний тунг, 34 сая хүн хоёр тунг бүрэн хийлгэжээ.