Гачуурт тосгоны 63 дугаар цэцэрлэг өргөтгөлийн шинэ барилгатай болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гачуурт тосгоны 63 дугаар цэцэрлэг 100 хүүхдийн ортой өргөтгөлийн шинэ барилгыг ашиглалтад орууллаа.
Гачууртын САА-н малчдын хүүхдүүдэд зориулж 1987 онд
байгуулсан уг цэцэрлэг 6 бүлэгт 240 хүүхдэд сургуулийн
өмнөх боловсрол олгож байна. Мөн хувийн цэцэрлэгийн байрыг түрээсэлж,
тойргийнхоо 100 хүүхдийг нэмж хамруулснаар нийтдээ 340 хүүхэд цэцэрлэгийн
үндсэн сургалтаар сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа юм. Өргөтгөл ашиглалтад орсноор тойргийн цэцэрлэгийн насны нийт 680 хүүхдийн 440 нь
цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байна.
Баянзүрх дүүргийн тухайд захын, хамгийн олон хүн амтай
гэдгээрээ бусад дүүргээс ялгардаг. Энэ дүүрэгт 36500 цэцэрлэгийн насны хүүхэд
амьдарч байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд 26 цэцэрлэг шинээр ашиглалтад
оруулсан боловч 26 мянган хүүхэд буюу 70 гаруй хувь нь сургуулийн өмнөх
боловсролд хамрагдаж байгаа юм. Баянзүрх дүүрэгт төрийн өмчийн 45, хувийн 145
цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.
НҮБ-ын Хүүхдийн Сангаас хүүхдэд ээлтэй боловсролын үйлчилгээний
орчныг бүрдүүлэхийн тул барилгын загвар хийцэд хоол зөөвөрлөх лифт, дотоод
агаарын чанарыг сайжруулах автомат шүүлтүүр, цахилгаан болон усны нөөцийн
хураагуур сав, эмчийн өрөөнөөс гадна тусгаарлах өрөө, эцэг эхийн өрөө, анги бүр
эрэгтэй, эмэгтэй усанд орох шүршүүр зэрэг хүүхдийн амьдрах, тав тухыг хангах
орчныг бүрдүүлэхэд анхаарчээ.
Цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор шинээр 27 ажлын байр нэмэгдэнэ. Барилгын ажлыг “Шил дээд” компани 2.2 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр гүйцэтгэжээ. Барилгын өргөтгөлийн ажилд техникийн талаасаа БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газар, НҮБ-ын Хүүхдийн Сангийн мэргэжлийн багтай хамтран ажилласан байна. Мөн барилгыг Солонгосын Хүүхдийн Сан, Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүгийн дэмжлэгтэй барьжээ.