7 дугаар сарын 15-наас хойш суудлын хуваариа шинэчлэн дахин хэвлэн авах боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн БСУГ-аас дараах мэдээллийг өгч байна. Элсэлтийн ерөнхий шалгалтыг 7 дугаар сарын 1-4-ний өдрүүдэд Эрдэнэбулган сумын Лаборатори 1-р сургууль дээр зохион байгуулахаар төлөвлөж байсан ч 8-р сарын 2-р хагас хүртэл хойшлуулсан.
Суудлын хуваарь болон ЭЕШ-ын товыг Боловсролын үнэлгээний төвөөс дахин зарлах аж. Шалгалтын нэг байрыг хоёр болгон нэмэгдүүлж, Эрдэнэбулган сумын Лаборатори 1, Эрдэнэбулган сумын 2-р сургууль дээр тус тус ЭЕШ-ыг зохион байгуулах бөгөөд нэг ангид 12-15 хүүхэд суухаар дахин төлөвлөсөн тул шалгуулагч нар 7 дугаар сарын 15-наас хойш суудлын хуваариа шинэчлэн дахин хэвлэн авах боломжтой юм.
Улсын хэмжээнд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн шалгуулагч нарын дундаас 1600 гаруй иргэн халдвар авсан болон ойрын хавьтал гэсэн шалтгаанаар эмнэлэг болон гэрийн тусгаарлалтад шилжсэн. Мөн нэг сургууль дээр шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн байсан тул нэг ангид 25-27 хүүхэд суухаар суудлын хуваарийг боловсруулсан байжээ. Энэ байдал нь ЭЕШ-д оролцож буй сурагчдын эрүүл мэндийн аюулгүй байдлыг бүрэн хангаж чадахгүй гэж дүгнэсэн тул БШУ-ны сайдын шийдвэрээр ЭЕШ-ыг хойшлуулсан.