Т.Ганзориг: 23136 хэрэглэгч 4,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-06-25 14:29:03

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай, Завхан аймгийг цахилгаан эрчим хүчээр хангагч “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Ганзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 


-Засгийн газраас айл өрхүүд болон зарим аж ахуй нэгжийн хэрэглэсэн эрчим хүчний төлбөрийг чөлөөлөх 2021 оныг дуустал үргэлжлэхээр боллоо. Энэхүү төлбөр чөлөөлөх шийдвэрийн дагуу танай байгууллага системийн хэмжээнд нийт хэдэн хэрэглэгчдэд хэчнээн төгрөгийн хөнгөлөлт үзүүлээд байна вэ?

-Монгол Улсад "Ковид-19" цар тахал бүртгэгдсэнтэй холбоотойгоор нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа нөлөөллийг сааруулах, өрхийн орлого, аж ахуйн нэгж байгууллагын ажлын байрыг хадгалах зорилгоор айл өрхийн болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, ус, хогийн төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд төрөөс хариуцах шийдвэр гарсан байдаг. Уг шийдвэр энэ оныг дуустал үргэлжлэхээр болсонд цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллагын тухайд таатай байна. 

Манай “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК Говь-Алтай, Завхан аймгийн айл өрх, аж ахуйн нэгжийн нийт 23136 хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр ханган ажиллаж байна. Засгийн газрын тогтоол хэрэгжиж эхэлсэнээс хойш тодруулбал, 2020 оны 12 дугаар сарын 1-ээс 2021 оны тавдугаар сарыг дуустал хугацаанд нийт хэрэглэгчийн 4,5 тэрбум орчим төгрөгийг Засгийн газраас хөнгөлсөн байна.  

-Коронавирусний халдварын хүнд нөхцөлд ажил үүргээ тасралтгүй үргэлжлүүлэх цөөн хэдэн салбарын байгууллагын тоонд танайх зүй ёсоор багтдаг. Цар тахлын нөхцөлд үйл ажжиллагаагаа явуулахад тулгамдаж байгаа асуудал байна уу?

-“Алтай-Улиастайн эрчим хүний систем” ТӨХК нь Завхан, Говь-Алтай аймгийн нийт хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах үүргээ цар тахлын хүнд нөхцөлд ямар нэгэн доголдолгүй, хариуцлагатайгаар биелүүлж байна. Говь-Алтай, Завхан аймаг нь Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх компаниас Хөвсгөл аймгийн Мөрөн хотоор дамжуулан цахилгаан эрчим хүчээ авдаг. Алсын шугам сүлжээнээс авч байгаа учир нэлээн алдагдалтай хүндрэлтэй байдаг. Гэхдээ манай систем компанийн хамт олон  хоёр аймгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах үндсэн үүргээ тасралтгүйгээр биелүүлэн ажиллаж байгаа. Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор ачаалал харьцангуй буурсан ч ард иргэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа нь эрчим хүчний хэрэглээг өсөн нэмэгдүүлж байна. Манай байгууллагын хувьд цахилгаан эрчим хүчний алдагдлыг бууруулах, буруу хэрэглээг зогсоох, цаашид хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг тооцоолж Эрчим хүчний яам, Диспетчерийн үндэсний төвд танилцуулан үйл ажиллагаагаа доголдолгүй явуулж байна.

-Урин дулааны цагтай зэрэгцэн ирэх өвлийг өнтэй давах бэлтгэдлээ хийдэг. Өвөлжилтийн бэлтгэл ажлаа хэрхэн базааж байна?

-“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК нь өвөлжилтийн бэлтгэлээ урин дулааны цагтай зэрэгцэн хийж эхэлсэн. Шаардлагатай тоног төхөөрөмжөө шинэчлэх, засварлах ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Долоодугаар сарын сүүлээр өвөлжилтийн бэлтгэл, засвар үйлчилгээгээ дуусгавар болгохоор зорин ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа. 


相关新闻