Их борооны улмаас Орхон гол бохирджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-06-23 17:15:57

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Орхон гол дахин бохирдож, улаанаар урсаж байгаа талаар иргэд цахим орчинд мэдээлж байна. Энэ дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар, БОАЖГ-ын ажлын баг энэ сарын 21-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг, Шийртийн голын хөндийн ашигт малтмалын олборлолт хийсэн талбайд очиж ажиллалаа.


Тус газарт ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрөл, лицензийг 2019 онд цуцлахад Харгуйт, Шийрт, Яст гэх мэт газруудад нөхөн сэргээлт хийлгүй, эвдэрсэн хэвээр үлдээсэн байна. Тухайн үед уурхайн хиймэл нууруудыг сэтэлж орхисон бөгөөд өдгөө их хэмжээний бороо орсны улмаас усны хуримтлал үүсч, Орхон голтой нийлж урсаж байгааг мэргэжлийн байгууллагууд тогтоолоо. Иймээс тухайн эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, Орхон голыг бохирдуулж буй эрсдэлийг бууруулах талаар арга хэмжээ авах хүсэлтийг холбогдох төрийн байгууллагад уламжлахаар болжээ.

相关新闻