МОНЦАМЭ агентлаг номын баярт шинэ бүтээлээ танилцуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор "Илүү их уншъя" уриан дор 29 дэх удаагийн номын баяр Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэллээ.
"Номын соёлт ертөнц ТББ"-аас 15 дахь жилдээ зохион байгуулж буй тус номын баярт дунджаар 100 гаруй хэвлэн нийтлэгч компани, 80 орчим номын худалдаа эрхлэгч, 300-гаад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, номын санч, 50 мянга гаруй уншигч оролцдог.
Номын баярыг хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, түншээр МОНЦАМЭ агентлаг, UBS телевиз, Хатун төв ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн номын баярт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг оролцож үйл ажиллагаагаа сурталчилж байна.
Одоогоос 100 жилийн өмнө буюу 1921 онд МОНТА буюу Монголын
цахилгаан мэдээ нэртэй байгуулагдсан цагаасаа тасралтгүй үйл ажиллагаа явуулж
ирсэн мэдээллийн ууган байгууллага МОНЦАМЭ агентлаг Монгол Улсыг дэлхий нийтэд
сурталчлах болон дэлхий дахины мэдээллийг монголчуудад хүргэх хамгийн шуурхай,
үр дүнтэй, баталгаатай эх сурвалж юм.
Өдөр тутам монгол, англи, орос, хятад, япон 5 хэлээр дотоод, гадаад мэдээллийн www.montsame.gov.mn цахим хуудас, долоо хоног тутам монгол бичгээр “Хүмүүн бичиг” сонин, улирал тутам хэвлэгдэн гардаг “Mongolia Today” сэтгүүл /англи хэлээр/, жил бүр шинэчлэн хэвлэдэг мэдээлэл сурталчилгаа-танин мэдэхүйн “Mongolia” ном /англи хэлээр/-ыг хэвлэн гаргаж, ажиллуулан нийтийн хүртээл болгож байна.
Номын баярт тус агентлагийн уран бүтээлчид жил бүр бүтээл туурвилаараа оролцдог уламжлалтай. Уншигчдын дунд нэлээд эрэлттэй байдаг "Аав бид хоёр" номоороо МОНЦАМЭ агентлагийн дарга, СГЗ, сэтгүүлч Б.Ганчимэг оролцож байгаа бол СГЗ, судлаач Ч.Эрдэнэ “Fax Mongolica”, “Мэдээний машин”, тоймч, яруу найрагч Г.Алтанхуяг "Уншихуйд автахуй”, “Амь тавих сарууд”, "Хүмүүн бичиг" сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа "Аян замын тэмдэглэлүүд", “Нөхөн сонгууль болохгүй”, Гадаад харилцааны мэргэжилтэн Д.Төмөрхуяг “Аян” фото тэмдэглэл зэрэг шинэ бүтээлүүдээ дэлгэжээ.
Номын баяраар бүх ном 5-60 хувь хямдардаг бөгөөд цоо шинэ болон олдоц муутай ховор номуудыг ч нэг дороос авах боломж ийнхүү бүрдэж буй юм.
Гурван өдөр үргэлжлэх номын баярт халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн, оролцогч бүр вакциндаа хамрагдаж, бага насны хүүхдээ дагуулахгүй хүрэлцэн ирэхийг зохион байгуулагчид нь урьж байна.