596 сонгогч зөөврийн хайрцгаар саналаа өгөх хүсэлтээ ирүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-06-08 18:19:02

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл бэлэн байдлыг хангаж, өнөөдөр 09.00 цагаас эхлэн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажлыг зохион байгуулж байна. Энэхүү бэлтгэл бэлэн байдалтай холбоотой цаг үеийн мэдээллийг аймгийн Сонгууулийн хорооны дарга Ө.Сувдаа өглөө.

Тэрээр: "Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийтдээ санал өгөх 70321 сонгогч байгаа. Үүнээс 596 сонгогч зөөврийн хайрцгаар саналаа өгөхөөр хүсэлтээ ирүүлсэн. Эдгээрийн 345 нь өндөр настан буюу хэвтрийн дэглэмтэй сонгогч байгаа. Харин 209 нь гэрийн ажиглалтад, 42 нь эмнэлэг болон тусгаарлах байранд байгаа иргэд юм. Зөөврийн хайрцгаар санал авах ажил 15.00 цагийн байдлаар аймгийн хэмжээнд 85.37 хувийн дүнтэй байна. Зарим сумын мэдээлэл хараахан ирж амжаагүй байгаа. Энэхүү зөөврийн хайрцгаар санал авах үйл ажиллагаа өнөөдөр 20.00 цаг хүртэл үргэлжилнэ. Одоогоор ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүй, халдвар хамгааллын нарийн дэглэмийн дагуу явагдаж байна. Ялангуяа тусгаарлах байр, гэрийн ажиглалтад буй иргэдээсээ нарийн дэглэм журмын хүрээнд санал авч байна. Ингээд нийт сонгогчдодоо хандаж хэлэхэд сонгуульдаа идэвхтэй оролцохыг хүсье” гэлээ.    

Сэлэнгэ аймгийн хэмжээнд шат шатны Сонгуулийн хороо болон ЭМТ, ЗӨСТ, Цагдаа, Онцгой байдал, Улсын бүртгэл, Мэдээлэл технологийн баг гэсэн бүрэлдэхүүнтэйгээр нийтдээ 1056 төрийн албан хаагч ажиллаж байна. 

相关新闻