Канадад "AstraZeneca", "Moderna", “Pfizer”-ийн вакцинуудыг хослуулан хэрэглэхийг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-06-02 14:57:12

ОТТАВА. /TASS/. Канадын дархлаажуулалтын үндэсний зөвлөх хороо “AstraZeneca”, “Moderna” болон “Pfizer” компанийн коронавирусний вакциныг хослуулан хэрэглэхийг зөвшөөрчээ.


Тус хорооноос мэдэгдсэнээр, “AstraZeneca” вакцинаар эхний тарилга хийлгэсэн хүмүүс “AstraZeneca”, “Moderna”, “Pfizer”-ийн вакцинаар хоёр дахь тарилгыг хийлгэж болно. Харин эхлээд “Moderna” эсвэл “Pfizer”-ийн вакциныг тариулсан бол хоёр дахь тунг зөвхөн энэ вакцинуудаараа л хийлгэх аж.


Эдгээр зөвлөмжийг судалгааны үр дүн болон хорооны шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн боловсруулжээ.


Дархлаажуулалтын үндэсний зөвлөх хороо нь Канадын Эрүүл мэндийн яамнаас хэрэглэхийг зөвшөөрсөн бүх вакцины талаар зөвлөмж гаргадаг байна.


Канад өнгөрсөн оны 12 дугаар сарын 14-нөөс хүн амаа дархлаажуулж эхэлжээ. Одоогийн байдлаар 12-оос дээш насны хүн амынх нь 65.9 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн байна. Тус улс одоогоор Америкийн “Moderna”, “Pfizer”, Johnson & Johnson, Их Британи-Шведийн “AstraZeneca” компанийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ.


相关新闻