Их Британид өдөрт халдварын улмаас нас барсан тохиолдол анх удаа бүртгэгдсэнгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2021-06-02 12:15:23

ЛОНДОН. /BBC/. Их Британид сүүлийн 28 хоногт коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан хүмүүсийн дунд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Энэ нь 2020 оны 3 дугаар сараас хойших анхны тохиолдол болжээ. 


Мягмар гарагт тус улсад 3165 шинэ тохиолдол илэрсэн бол долоо хоногийн өмнө энэ үзүүлэлт 2493 байжээ.


Энэтхэгт илэрсэн шинэ хувилбараар халдварлах тохиолдол сүүлийн үед нэмэгдсээр байсан ч өдөрт бүртгэгдэх нас барсан тохиолдлын тоо амралтын өдрүүд, долоо хоногийн эхээр ихэвчлэн цөөрч байгаа аж.


Үүнтэй холбогдуулан Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок хэлэхдээ “Энэ мэдээ биднийг баярлуулж байна. Вакцин та бүхнийг болон таны ойр дотныхныг хамгаалж, үр дүнгээ үзүүлж байна. Энэ бүхэн сайн мэдээ хэдий ч бид вирусийг хараахан дараагүй гэдгээ санах хэрэгтэй. Халдварын тохиолдол нэмэгдсэн хэвээр байгаа учир гараа ариутгаж, зай барих журмаа санаж, орон гэртээ цэвэр агаар оруулж, вакциндаа бүрэн хамрагдахыг уриалж байна” гэжээ.


"Нас баралтын үзүүлэлтийн талаарх мэдээлэл сайшаалтай хэдий ч халдварын тохиолдол нэмэгдэж буй учир вакцины хоёр тунг хоёуланг нь хийлгэхийг уриалж байна" хэмээн Нийгмийн эрүүл мэндийн газрын захирал Ивон Дойл мөн мэдэгдсэн байна. 


Тус улсад өнгөрсөн 1 дүгээр сард нас баралтын хамгийн өндөр үзүүлэлтүүд буюу 1.3 мянга орчим тохиолдол бүртгэгдэж байсан юм. Цар тахал дэгдэж эхэлснээс хойш 127 782 хүн халдварын улмаас нас баржээ.


Их Британид хүн амынх нь 75 хувь буюу 39.5 сая хүн вакцины эхний тунгаа хийлгэсэн бол 25.7 сая хүн буюу 48.9 хувь нь хоёр дахь тунгаа хийлгээд байгаа аж.

相关新闻