Перуд халдвараар нас барсан тохиолдлын тоо хоёр дахин нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ЛИМА. /CNN/.
Перу улсын Засгийн газар “COVID-19” халдварын улмаас нас барсан хүмүүсийн
тоон үзүүлэлтийг хянан нягталсны дараа ийм тохиолдлын тоо хоёр дахин нэмэгджээ.
Ингэснээр тус улс нь халдвараар нас барагсдын тоог хүн амын тоотой харьцуулсан
үзүүлэлтээр дэлхийд нэгдүгээрт жагсаж эхэлсэн байна.
Перугийн Ерөнхий сайд Виолета Бермудесийн мэдээлснээр, нас барсан тохиолдлын тоог дотоодын
болон олон улсын судлаачдын зөвлөгөөнд үндэслэн шинэчилжээ. Тодруулбал, Перуд 2020 оны гуравдугаар сарын 1-нээс 2021 оны тавдугаар
сарын 22-нд 180 764 хүн халдвараар нас баржээ. Энэ нь 69 342 байсан өмнөх үзүүлэлтээс
2.6 дахин өссөн гэсэн үг юм.
“Шинэчлэгдсэн мэдээллийг олон нийтэд танилцуулах нь ил тод байдлыг хангах үүрэг амлалтдаа хүрээд зогсохгүй улс орны хувьд үүргээ биелүүлж буй хэрэг юм” гэж В.Бермудес мэдэгджээ. 33 сая орчим хүн амтай Перу нь энэхүү үнэлгээг хийхээс ч өмнө халдвараар нас барсан тохиолдлын тоогоороо дэлхийд дээгүүрт бичигдэж байсан юм.
“COVID-19”-өөр нас барагсдын тоо нэмэгдсэнээр 100
мянган хүн тутамд бүртгэгдсэн нас барсан тохиолдлын тоо 200 дөнгөж давж байсныг
500 гаруй болгон нэмэгдүүлжээ. Ингэснээр Перу нь 100 мянган хүн тутамд 305 хүн
нас барсан Унгарын өмнө нь жагсаж эхэлснийг Жонс Хопкинсын нэрэмжит их
сургуулийн мэдээлэл харуулсан байна.