Дэлхий даяар 1.87 тэрбум гаруй тун вакцин тарьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-05-31 10:37:38

АНКАРА. /Anadolu/. Дэлхий даяар коронавирусний 1.87 тэрбум гаруй тун вакцин тариад байна гэж Оксфордын их сургууль тэргүүтэй байгууллагуудын судлаачдын хөтөлдөг “Our World in Data” цахим хуудас мэдээлжээ.


Тодруулбал, БНХАУ-д хамгийн олон буюу 620.97 сая тун вакцин тарьсан бол түүний араас 293.71 сая орчим тун вакцин хийсэн АНУ жагсаж байна.


Мөн Энэтхэгт 207.09 сая, Бразилд 66.93 сая, Их Британид 63.96 сая, Германд 49.26 сая, Францад 35.63 сая, Италид 34.73 сая, Мексикт 29.86 сая, Туркт 28.81 сая тунг тус тус тарьжээ.


Эдгээр орны араас ОХУ, Испани, Индонез, Канад бичигдэж байна.


Үүнээс гадна тарьсан вакцины тунг хүн амын тоотой харьцуулсан үзүүлэлтээр Сейшелийн арлууд тэргүүлж байгаа бөгөөд тус аралд 100 хүн тутамд 136.74 тун вакцин тарьжээ.


Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээллээр, цар тахал 2019 оны 12 дугаар сард дэгдсэнээс хойш 192 улс орон, бүс  нутагт бүртгэгдэж, 169.57 сая гаруй тохиолдол илэрч, 3.52 сая гаруй хүн нас барсан байна. 

相关新闻